Хайж байна...

МУИС-ийн Зүүн бүсийн сургууль болон МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Share Button

МУИС-ийн Зүүн бүсийн сургуулийн захирал Б.Мядагмаа болон МУИС-ийн харьяа Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал В.Батцэнгэл нар Чойбалсан хотноо хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 Гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих тус санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  1. Эдийн засгийн Зүүн бүс нутгийн нийгэм, эдийн засгийн газарзүйн судалгааны хүрээнд зүүн босоо тэнхлэгийн үр өгөөж, ногоон эдийн засгийн бодлого, байгаль орчны эрсдэл, гамшигт үзэгдлийн чиглэлээр хамтарсан судалгааг хэрэгжүүлж үр дүнг олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хамтран хэвлүүлэх;
  2. Их өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан бүс нутгийн хөгжлийн платформ, бүс нутгийн атлас боловсруулахад шаардлагатай орон нутгийн статистик, орон зайн мэдээллийг хамтран цуглуулах, солилцох, ашиглах;
  3. Аймаг, сумын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хот, суурин газруудын газар ашиглалт ба төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн индексийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, санал, зөвлөмж боловсруулах, дотоод, гадаадын санхүүжилттэй хамтарсан төсөл, хөтөлбөрийн санал хүргүүлэх, захиалгат ажлыг хамтран гүйцэтгэх;
  4. Хөрш орнуудын хил залгаа бүс нутгийн интеграц, хөгжлийн бодлогын хамтарсан судалгааг эхлүүлэх, тухайн бүс нутгийн их, дээд сургууль, судалгааны байгууллагуудыг татан оролцуулах;
  5. Бүс нутгийн хөгжлийн сэдэвт эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулах, илтгэлийн эмхэтгэл хэвлүүлэх зэрэг ажлуудыг тусгав.

Энэхүү хамтын ажиллагаа нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.

Үүний үр дүнд Дорнод аймаг болон МУИС-ийн Зүүн бүсийн сургуультай хамтарсан бүсийн нийгэм, эдийн засаг, хөгжлийн орон зай, хөгжил байршлын чиглэлийн судалгааг хамтран хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдлээ.

ХОТ, БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар