Бүгд Найрамдах Польш Улсын Сенатын Маршал Эрхэмсэг ноён Богдан Борусевич тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд өнөөдөр МУИС-д мориллоо.
Айлчлалын бүрэлдэхүүнд БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Тадэуш Хомицки, БНПУ-ын Сенатын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга хатагтай Ядвига Ротницка, БНПУ-ын Сенатын гишүүн, Польш – Монголын парламентын бүлгийн дарга ноён Станислав Горчица, БНПУ-ын Сенатын Тамгын газрын Олон улс, Европын Холбооны асуудал эрхэлсэн газрын дэд захирал ноён Роберт Бобровски болон БНПУ-ын Элчин сайдын яамны бусад төлөөлөгчдийг МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Б.Очирхуяг, ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу, БСА-ы дарга Д.Цагаач, ГХСС-ийн Слав судлалын тэнхимийн эрхлэгч Н.Нансалмаа нар хүлээн авч уулзсан юм.
ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу уулзалтын үеэр МУИС-д 1992 оноос Слав судлалын тэнхимд польш хэлний ангийг нээж сургалт явуулж эхэлсэн түүхтэй. Варшавын их сургууль, Познанийн их сургууль, Шлёнскийн их сургуультай хамтран ажиллаж, Польш хэлний сургалтын үйл ажиллагаанд БНПУ-ын үе үеийн элчин сайд нар байнга тусалсаар ирснийг онцлон тэмдэглэж байлаа.
Мөн цаашдаа польш хэл, соёлыг судалж буй оюутнуудад Польшийн талаас тэтгэлэг олгож, зуны сургалт болоод дадлагын ажлыг Польш улсад очиж хийдэг болоход анхааран ажиллаж байна гэж БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин Элчин сайд Тадэуш Хомицки хэлсэн юм.