СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ТӨЛӨХ ТУХАЙ

Share Button

178663_423782194337669_1067218148_o

МУИС нь оюутанд үзүүлэх төрөл бүрийн үйлчилгээгээ сайжруулж, орчин үеийн шаардлагад нийцүүлэх чиглэлд олон ажил хийж байгаагийн нэг нь оюутны сургалтын төлбөр төлөлтийг цахим хэлбэрт шилжүүлж буй ажил юм.

Энэ ажлын хүрээнд тус сургуулийн харилцагч банк болох ХААН банк болон Голомт банктай байгуулсан гэрээнийхээ хүрээнд зохих ажлуудыг хийж байна. Эдгээр банктай тохиролцсон ёсоор сургалтын төлбөр төлөлтийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын техникийн шийдлийг манай Мэдээллийн технологийн алба үндсэндээ хийж дуусгаад, оюутнууд сургалтын төлбөрөө цахим хэлбэрээр төлөхөд бэлэн болоод байна. Төлбөрийн шимтгэлийн хувьд 100,000 төгрөг хүртэлх гүйлгээнд 1%-ийн шимтгэл, 100,000 төгрөгөөс дээш төгрөгийн гүйлгээнд 1000 төгрөгийн шимтгэл авахаар тохиролцсон.

Голомт банкаар МУИС-ийн бүрэлдэхүүний аль ч сургуулийн оюутан төлбөрөө төлөх боломжтой бол ХААН банкны картаар ЭЗС, УБС, НШУС, ФЭС, ХС, ГХСС, МХСС, ББС-ийн оюутнууд төлбөрөө төлөх боломжтой байна.

Оюутан төлбөрөө цахим хэлбэрээр төлөхийн тулд банкнаас интернэт код авах шаардлагатай бөгөөд Голомт банкны тухайд код авахаар хүсэлт гаргасных нь дараа өдрийн 15 цагаас хойш код нь идэвхижиж байгаа нь бага зэргийн хүлээлт үүсгэж байх талтай.

Оюутан сургалтын төлбөрөө цахим хэлбэрээр төлснөөр цаг заваа хэмнэж, хичээл сонголтоо хугацаанд нь ямар нэг хүндрэл, бэрхшээл, давхар шат дамжлагагүйгээр баталгаажуулах, төлбөрөө хянах боломж бүрдэх ба өөрийн нэр дээрх картаас гадна эцэг, эх, асран хамгаалагч зэрэг өөр хүний нэр дээрх картаар ч төлбөрийг хийх бүрэн боломжтой тул заавал өөрийн нэр дээр карт нээлгэх гэж хугацаа алдах шаардлагагүй юм.

МУИС-ийн Бакалаврын сургалтын алба

2013-8-29

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар