Шашин судлалын шилдэг оюутнууд их багшийнхаа “өглөг” хүртлээ

Share Button

МУИС-ийн НШУС-ийн шашин судлалын тэнхимийн буддын судлалын 3-р ангийн оюутан Б.Долгор, Ж. Одончимэг нар академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлэг авлаа. Тэд оюутан болсон цагаасаа хойш сурлага хүмүүжил, ёс зүй сахилга бат, нийгмийн идэвх санаачилгаараа үлгэр жишээч байж, мөн сонгосон мэргэжилдээ чин хүсэл сонирхолтой болохоо батлан харуулсан учраас их багшийнхаа өглөг буяныг хүртэж байгаа энэ аж. Тэтгэлгийг эздэд нь Г.Лувсанцэрэн агсны хүү, Буддын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Батжил гардуулж, тэнхимийн эрдэмтэн багш нар, ижил чиглэлээр сурдаг үеийн олон анд нөхөд нь баяр хүргэв.

Энэхүү тэтгэлгийг шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич Г.Лувсанцэрэн агсны үр хүүхдүүд аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, шашин судлалын чиглэлээр сурч, судалж буй залуу үеийг хөхүүлэн дэмжих зорилгоор анх 2010 онд санаачлан бий болгосан аж.

Академич Г.Лувсанцэрэн Буддын болон философийн сургалт судалгаанд бүхий л амьдралаа зориулсан бөгөөд Шашин судлалын тэнхимийг анх байгуулагдахаас эхлэн өдийг хүртэл хөгжин дэвжиж ирэхэд нь жинтэй хувь нэмэр оруулсан шавь нарынхаа бахархалт багш нь юм. Түүнчлэн тэрбээр Азийн буддистуудын энх тайвны бага хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар олон ажиллахадаа Монголын шинэ үеийн бурхны шашны хөгжлийг судлах, бодит байдлаар олон нийтэд хүргэхээс гадна Буддын шашин, философийн мөн чанар, онцлогийг дэлхий дахинд түгээн таниулахад их үйлс бүтээсэн эрдэм номын их хүн байжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар