Бидний хайрт багш, анд нөхөр Монгол Улсын Ардын багш, Академич Абишийн Мекей 2013 оны 11 сарын 30-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монгол улсын математик, шинжлэх ухаан, боловсролын салбарт болон бидний сэтгэл зүрхэнд нөхөж баршгүй орон зай үлдээлээ.
А.Мекей 1940 онд Баян-Өлгий аймгийн Толбонуур сумын нутагт төрсөн. 1949-1959 онд Баян-Өлгий аймгийн 1-р арван жилийн дунд сургууль, 1959-1963 онд МУИС-ийн математикийн салбарыг төгсөж 1963 оноос өнөөг хүртэл МУИС-д ажилласан МУИС-ийн шилдэг төгсөгч, багш, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, удирдагч байсан юм. Тэрээр 1972 онд Москвагийн Улсын Их Сургууль (МосУИС)-ийн Механик-математикийн факультетад Физик-Математикийн ухааны дэд эрдэмтэн, 1995 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. А.Мекей багшийн МУИС болон Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр, хүчин зүтгэлийг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Алтангадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, 1981 онд дэд профессор, 1992 онд профессор, 2004 онд Монгол улсын ШУА-ийн академич, Монгол улсын гавъяат багш, 2012 онд Монгол улсын Ардын багш цол олгожээ.
А.Мекей багш 1963-1978 онд МУИС-д багш, 1978-1989 онд МУИС-ийн Физик Математикийн Факультетийн декан, 1990-1997 онд МУИС-ийн эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, 1999-2008 онд магистр докторын сургалтын албаны эрхлэгч, 2000-2011 онд Математикийн хүрээлэнгийн захирал, 2011 оноос тус хүрээлэнгийн Алгебрийн секторын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессороор ажиллаж МУИС болон Монгол улсын боловсрол, математикийн шинжлэх ухаанд өөрийн бүхий л ажил, амьдралаа зориулсан нөр их хөдөлмөрч, үлгэр дууриал болсон бидний бахархан дуурайх хүндэт багш байлаа.
Академич А.Мекей Монгол улсад Алгебрын чиглэлээр онолын судалгааны шавь сургуулийг үүсгэн хөгжүүлж, түүний олон зуун шавь нар нь эх орны өнцөг булан бүрт үр бүтээлтэй ажиллаж байна. Шавь нараас алгебрын чиглэлээр 2 академич, 2 шинжлэх ухааны доктор, 8 дэд доктор, 20 гаруй магистр төрөн гарчээ. 1972 оноос түүний санаачилгаар үүссэн “Алгебр ба Цагирагийн онол” сэдэвт эрдэм шинжилгээний семинар одоо хүртэл уламжлагдан үргэлжилж байна.
Академич А.Мекей 1963 оноос өнөөг хүртэл багшлахдаа МУИС-д Математик логик, Ли алгебр, Категорийн онол, Цагирагийн онол, Ерөнхий алгебр, Топологи ба алгебрын системүүд, Компьютерэн алгебр, Криптограф, Элементар математик зэрэг олон хичээлийн хөтөлбөрийг анхлан боловсруулж, өөрөө зааж байсан юм.
Академич А.Мекейгийн судалгааны олон тооны бүтээл дотроос төгсгөлөг дөхөгдөх цогцын тоймлол, цагирагийн онолд цогцын шулуун нэгдлийн ойлголтыг шинээр тодорхойлж, критик цагирагийн нэгэн ангийг нээснийг тухайн чиглэлээр ажилладаг Зөвлөлт, Оросын нэрт математикчид болон МосУИС-ийн алгебрын тэнхимийн эрдэмтэд өндрөөр үнэлж, Критик цагирагуудыг тоймлосон бүтээлийг нь Математикийн шинжлэх ухаанд шинэ нээлт гэж үзсэн юм. Түүний судалгааны ажлын үр дүнг 2012 онд барууны шилдэг математикчид “Мекейгийн бодлого” нэрээр алдаршуулжээ.
Академич А.Мекей МУИС-ийн удирдлагын багт ажиллах хугацаандаа сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулах, сайжруулахтай холбоотой олон зүйлийг санаачилж ажилласан.
Академич А.Мекей Математикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа тус хүрээлэнгийн судалгааны ажлыг өргөжүүлж өнөөгийн түвшинд хүргэхэд жинтэй хувь нэмэр оруулсан юм.
Монголын математикийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр 2003 оноос өнөөг хүртэл ажиллахдаа “Mongolian Mathematical Journal” эрдэм шинжилгээний сэтгүүлийг гаргах ажлыг тогтмолжуулан сайжруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болох үндсийг нь тавьсан билээ.
Академич А.Мекей нийт 150 гаруй бүтээл туурвиснаас 30 орчим ном, сурах бичиг, гарын авлага, 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлжээ.
Тэрээр 1963-1985 онд Улсын математикийн олимпиад зохион байгуулах хорооны гишүүн, 1985-1990 онд хорооны дарга, олон улсын математикийн олимпиадын шүүгчдийн хорооны гишүүнээр тус тус ажиллажээ. Түүний дэвшүүлсэн бодлого Румын улсад зохион байгуулагдсан Олон Улсын Математикийн Олимпиадад сонгогдож байлаа. 1985 оноос дунд сургуулийн олимпиадад бэлтгэгч сурагчдад зориулсан гарын авлага боловсруулах ажлыг анхлан санаачилсан нь одоо уламжлал болон жил бүр хэвлэгдэн гардаг болжээ.
Ардын багш А.Мекей Монголын математик боловсролын үзэл баримтлал, стандарт, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд тэргүүлэн оролцож, олон сурах бичгийн зохиогч, редактораар ажиллаж Монгол улсын дээд боловсролын төдийгүй ерөнхий боловсролын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан. Тэр 12 жилийн боловсролын агуулга стандартаар бичигдсэн I, II ангийн математикийн сурах бичгийг казах хэл дээр орчуулсан юм.
Түүний 1984 онд их дээд сургуульд элсэгчдэд зориулж хамтран зохиосон “Математик” ном нь 2000 он хүртэл 10-р анги төгсөх бүх сурагчдын дунд “1000 бодлогын хураамж” нэртэйгээр алдаршсан гарын авлага билээ.
Бидний багш, дотны нөхөр, хүндэт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн багш, ардын багш, академич Абишийн Мекейн гэгээн дүр хамт олон, анд нөхөд, шавь бидний зүрх сэтгэлд мөнхөд хоногшин дурсагдах болно.
Монгол Улсын Их Сургууль,
Математик Компьютерийн Сургууль,
Математикийн хүрээлэн,
Төгсөлтийн дараах сургууль,
Анд нөхөд, шавь нар нь