Удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэн, Шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Хууль зүйн сургууль гэсэн 5 сургууль, Шинжлэх ухааны сургууль нь Байгалийн ухааны, Нийгмийн ухааны, Хүмүүнлэгийн ухааны гэсэн 3 салбартай байхаар тогтоолоо.
Удирдах зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор МУИС-ийн Дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг 11 хүний бүрэлдхүүнтэй байгууллаа. Ажлын хэсэгт Удирдах зөвлөлөөс БШУЯ-ы Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Цэдэвсүрэн, Програм хангамжийн тэнхмийн профессор Д.Гармаа, Эрдмийн зөвлөлөөс НШУС-ийн Сургалтын албаны эрхлэгч доктор Б.Болд-Эрдэнэ, ЭЗС-ийн дэд захирал доктор Б.Отгонтөгс, Олон улсын эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор В.Оюумаа, Олон улсын эдийн засгийн тэнхмийн дэд профессор Б.Санжмятав, Хамт олны зөвлөлөөс Социологи, нийгмийн ажлын тэнхмийн ахлах багш Б.Оюунцэцэг, Хууль зүйн сургуулиас Иргэний эрх зүйн тэнхмийн эрхлэгч доктор Б.Тэмүүлэн, Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн багш Б.Батболд, МУИС-ийн захиргаанаас Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга доктор М.Отгонбаяр, Хууль зүйн сургуулийн захирал доктор Д.Солонго нар орж ажиллаж байна.
Удирдах зөвлөлөөс МУИС-ийн бүтцийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шинэ бүтцийн дагуу зохион байгуулалт хийгдэж, шийдвэр гарах хүртэлх шилжилтийн үед сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах, ялангуяа сургалтын үйл явц, өвлийн шалгалт, элсэлт, төгсөлтийг тасралтгүй зохион байгуулж явуулахын тулд бүрэлдэхүүн сургуулийн захирал, сургалтын албаны эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарт ажлын Удирдамж гарган хүргүүллээ.
Шинээр тогтоогдсон 5 сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарт МКС, ФЭС, ББС, ХХИС, ГГС, Нийгмийн ухааны салбарт НШУС, УБС, Хүмүүнлэгийн ухааны салбарт МХСС, ГХСС, мөн Бизнесийн сургуульд ЭЗС, ХС-ийг тус тус түр харьяалуулан хуучин бүтцийн удирдлагатай хамтарч ажиллахаар боллоо.
Шинэ бүтцийн дагуу зохион байгуулалт хийгдэж, шийдвэр гарах хүртэл буюу 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд бүрэлдхүүн сургуулийн захирал, сургалтын албаны эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар ажлын байрны чиг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж, эрхийн дагуу холбогдох тушаал, шийдвэрийг гаргах болно. Шилжилтийн үеийн болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын санхүүгийн эрхэд зарим хязгаарлалт тавихаар шийдвэрлэв.
Шинэ бүтцийн захирлууд МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн гишүүдтэй хамтран ажиллаж одоогийн хөтөлбөрүүд болон шинээр бий болох хөтөлбөрүүдийн сургуулийн харьяаллыг эцэслэн тогтоох ажлыг оноос өмнө гүйцэтгэх болно. Үүний дараа багшлах бүрэлдхүүний тэнхмийн харьяаллын асуудлыг тэнхмүүдийн профессор багш нартай хэлэлцэн шийдвэрлэнэ. 2014 оны 1-р сарын эхний хагаст багтаан МУИС-ийн бакалаврын сургалтын хөтөлбөр, санхүүгийн бодлого, судалгаа, төгсөлтийн дараах сургалтын бүтцийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна.
МУИС-д профессор багш нар ажиллуулах журмыг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байгаа, 2014-2015 оны хичээлийн жилээс Багш нарын баярыг жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдөр тэмдэглэх болсонтой холбогдуулан энэ хичээлийн жилд профессор багш нарт цол олгох асуудлыг 2014 оны 10 дугаар сард зохион байгуулахаар боллоо.
Захирал А.Галтбаяр