Дэлхийн монгол судлалын нэгэн томоохон төв болсон Фридрих Вильгелмийн Их сургуулийн хуучнаар Төв Азийн семинарт монгол судлалын төв хаагдаад хоёр жил болсон боловч өнгөрсөн 4-р сараас үйл ажиллагаагаа дахин эхэлсэн билээ. МУИС-ийн монгол соёл иргэншил судлалын профессорын багийн ахлагч С.Дуламыг шинээр үүсэн байгуулагдсан Монгол, Төвд судлалын тэнхимд, монгол судлаач профессор Инес Штолпе зочин профессороор урьж, түүний бэлгэдэл зүйн судалгааны чиглэлээр цуврал лекц уншуулан, оюутан, магистрант, докторантуудад зөвлөгөө өгүүлж, цаашид хамтран ажиллах эрдэм шинжилгээний төслийн талаар ярилцсан байна.
Шинээр эхэлсэн монгол судлалын салбар ололт амжилтаар дүүрэн байгаа бөгөөд одоогоор 23 оюутан монгол судлалын салбарт суралцаж байгаа юм байна. Энд байх хугацаанд хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулах боломжийг судалж, оюутан солилцооны анхны гэрээний төслийг гаргалаа. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур тус Монгол судлалын төвөөс “Mongolian responses to globalisation processes” хэмээх симпозиум зохион байгуулж, Герман, Их Британи, Канад, Чех, Орос, Франц, Швейцарь болон Монголын эрдэмтэд оролцлоо.
Тус симпозиумд профессор С.Дулам “Mongolian traditional culture in the context of globalisation”, доктор Г.Нандинбилиг “Mongolian games and cultural change” гэсэн илтгэл тус тус тавьж хэлэлцүүлэн хоёр хоёр эрдэмтний илтгэлд шүүмж хийжээ. Энэ симпозиумаас дэлхийн олон орон дахь орчин цагийн монгол судлалын чиг хандлагын байдал болон монголч эрдэмтдийн шинэ залуу халаа хэрхэн гарч ирж байгааг харж болохоор байснаараа сонирхолтой болсон байна.