Хөтөлбөрийн хорооны журмын төсөлд саналаа ирүүлнэ үү

Share Button

logo_web.jpg1Хүндэт багш, профессор, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагч нараа та бүхэнд МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны журмын төслийг танилцуулж байна.

МУИС-ийн сургалтын технологийн шинэчлэлийн хүрээнд Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааг МУИС-д нутагшуулан хэвшүүлэх арга хэмжээг их сургуулийн удирдлага, сургалтын албанаас авч хэрэгжүүлж байна.

МУИС-д Хөтөлбөрийн хороог байгуулан ажиллуулах нь хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэн, сургалтын нэгдсэн бодлого, шинжлэх ухааны хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж, олон улсын боловсролын стандартад нийцүүлж, багш профессорын чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Тус хороо  оюутан суралцагсдад МУИС-ийн бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийн хүрээнд үндсэн суурь, мэргэжлийн, сонгох хичээлүүд, хос мэргэжил олгох, хавсран мэргэжих  хичээлд тавих шалгуур үзүүлэлт, багц цаг тооцох, шилжүүлэх аргачлалыг тогтоож, дагнасан болон салбар дундын хамтарсан хөтөлбөрүүдийг шинээр болон шинэчлэн боловсруулахад мэргэжлийн экспертиз хийж, бодлого зөвлөмж, түүнийг хэрэгжүүлэх шийдвэр гаргах зорилготой билээ.

МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны журмын төслийг сургалт эрхэлсэн дэд захирлын ахалсан багш судлаачдаас бүрдсэн зөвлөлдөх хэсгийн тусламжтайгаар боловсруулж, МУИС-ийн Захирлын зөвлөл, тэнхмийн эрхлэгч нарын уулзалт зэрэг шат дараалсан уулзалт хэлэлцүүлгээр шүүн хэлэлцүүлж, гарсан саналуудыг нэмэн тусгаж сайжруулж ажиллав.

Улмаар МУИС-ийн Хөтөлбөрийн хорооны журмын төслийг 2014 оны 2 дугаар сарын 28 өдөр МУИС-ийн Эрдмийн зөвлөлд өргөн барьж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Журмын төсөл нь эцэслэгдээгүй бөгөөд өмнөх хэлэлцүүлгийн үед гарсан зараим саналуудыг хувилбар байдлаар тавьсан хийгээд нэр томьёоны хувьд мэргэжлийн багш нараас лавлагаа зөвлөмж авахаар хүргүүлсэн болно.

Та бүхэн энэхүү журмын төсөлд өөрийн саналаа өгч хамтран ажиллана уу?

Та өөрийн саналыг доорхи хаягаар ирүүлж болно.

Эмайл: munkhbat@num.edu.mn,  omchue@yahoo.com  (эл 2 хаягаар хамт явуулна уу.)

Эсвэл МУИС-ийн Хичээлийн 1 -р байр, 215 тоот өрөөнд биеэр ирж уулзах юм уу бичгээр саналаа хүргүүлнэ үү?

МУИС-ИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХОРООНЫ ЖУРМЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ 

            МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал  О.Мөнхбат

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар