2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Миссуригийн их сургуулийн гадаад хөтөлбөр хариуцсан дэд захирал Stephen Robinette болон гадаадын их сургуулиудтай давхар хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал эрхэлсэн мэргэжилтэн Betty L.Lewis нар МУИС-д айлчилж МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд МУИС-ийн оюутнууд бакалаврын хамтарсан хөтөлбөр /2+1+1 болон 3+1 хөтөлбөрүүд/-т хамрагдахаас гадна, магистр, докторын түвшний хөтөлбөрт Миссуригийн их сургуульд суралцах боломж бий болж байгаа юм. Түүнчлэн англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй багш, оюутнууд тус сургуулийн англи хэлний сургуульд богино хугацаагаар суралцах боломжтой болж байгаа юм. Гэрээний бас нэгэн онцлох зүйл нь Миссуригийн их сургуулийн оюутнууд МУИС-д Study in Mongolia хөтөлбөрт хамрагдаж монгол хэл соёл, түүхийг судлах бололцоотой болж байгаа юм.
Миссуригийн их сургууль нь 1905 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 6 коллеж, 1 хөдөө аж ахуйн сургууль болон төгсөлтийн дараах коллежтой үйл ажиллагаагаа явуулж байна. Бакалаврын түвшинд 185 хөтөлбөр, магистр, докторын түвшинд 52 хөтөлбөр явуулдаг. Тус сургуульд 85 орны 1500 гадаад оюутан суралцдаг бөгөөд тус сургуулийн англи хэлний сургууль нь гадаадын оюутнуудад тусгайлан англи хэлний сургалт явуулдгаараа давуу талтай юм.