ФЭС-ийн хамтын ажиллагааны үр дүнд “Онолын физикийн лаборатори” шинээр, “Хатуу биеийн физикийн лаборатори” шинэчлэгдэн байгуулагдлаа. “Онолын физикийн лаборатори”-т орчин үеийн онолын физикт хэрэглэгддэг тооцооны програмуудыг өргөн ашиглах нөхцөл бүрдсэн бол “Хатуу биеийн физикийн лаборатори”-т хатуу биеийн материал судлалын сургалт судалгааг шинэлэг арга барилаар явуулах боломж нээгдлээ. “Онолын физикийн лаборатор”-ийн өндөр хүчин чадал бүхий толгой болон терминал компьютер дээр онолын физикийн төдийгүй тооцооны төрлийн бүх хичээлүүд орох бол монкристалын рентген дифрактометр, нимгэн үе гарган авах ууршуулалтын болон дээж бэлтгэх лабораторийн төхөөрөмжүүд шинээр суурилуулсан “Хатуу биеийн физикийн лаборатори”-т хагас дамжуулагчийн физик, хатуу биеийн физик, рентген бүтцийн анализ зэрэг хичээлүүдийг заах юм. Эдгээр лаборатори нь оюутнуудаас гадна магистрант, докторантууд ахисан түвшинд судалгааны ажлаа хийх таатай орчин болж байна.
Энэхүү лабораториудыг байгуулахад “Монгол газар” шинжлэх ухааны сан, түүнчлэн Солонгосын “Сэгуан үйлдвэрлэл” компанийн захирал, ФЭС-ийн хүндэт доктор Dong Gun Han дэмжлэг үзүүлэн, нийт 30 гаруй сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийжээ.