Математикийн хүрээлэн нь тухай үеийн сайд нарын зөвлөлийн 1973 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 175 тоот тогтоолоор ШУА-ийн дэргэж байгуулагдаж, 1974 оны 03 дугаар сарын 02-оос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй бөгөөд өдгөө 40 жилийг амжилт бүтээлийн түүх болгон үлдээсэн байх юм. 40 жилийнхээ ойг хүрээг угтан түүхэн замнал, амжилт бүтээл, өнөөгийн хүрсэн түвшинг хураагуйлан нэгтгэсэн ном товхимол хэвлэн гаргаж олны хүртээл болгосон байна. Улмаар ойн хүрээндээ математикийн хүрээлэнгийхэн “Математикийн онол ба Хэрэглээ” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж
– Онолын математик
– Хэрэглээний математик
– Математик загварчлал сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг өрнүүллээ.
Нээлтийн үеэр Математикийн хүрээлэнгийн захирал төрийн соёрхолт, Доктор (Sc.D), Профессор Р.Энхбат хэлэхдээ:
Математикийн хүрээлэн өнгөрсөн 40 жилд боловсон хүчин, оюуны чадавхийн хувьд ихээхэн өргөжин хөгжиж, Монгол улсын тэргүүлэх хүрээлэнгүүдийн нэг, оюуны томоохон төв, дэлхийн жишигт дүйцсэн бүтээл туурвих чадвартай хамт олон болж чадсан юм. Математикийн хүрээлэн Монгол Улсын Их Сургуулийн дэргэд үйл ажиллагаагаа явуулсанаар сургалт, судалгааг амжилттай хослуулж залуу математикчдыг өсөн хөгжихөд нь ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн. Цаашид Математикийн хүрээлэн нь математикийн орчин үеийн чиглэлүүдийг хөгжүүлсэн, олон улсы өргөн хамтын ажиллагаатай, Монгол улсын математикийн шинжлэх, ухааны үндэсний цөм байж шинэ мэдлэг бүтээн, хүн төрөлхтний шинжлэх ухааны мэдлэгийн санд болон Монголын нийгмийн сэтгэлзүйд шинжлэх ухаанч үзлийг төлөвшүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах бүтээлч, манлайлагч хамт олон байсаар байх нь дамжиггүй хэмээн хэллээ.
40 жилийн ойг угтан хийсэн энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь үр дүн, ач холбогдол бүхий хурал боллоо гэдгийг хуралд хүрэлцэн ирсэн математикчид өгүүлж байлаа.