МУИС-ийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор МУИС-ийн Сургалтын нэгдсэн албаны Оюутанд үйлчлэх төвөөс “JOB FAIR” өдөрлөгийг Монгол- Японы төвийн Их танхимд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр Нийслэлийн хөдөлмөрийн газар, Нийслэлийн хөдөлмөрийн бирж, Бодь групп, Голомт банк, Хадгаламж банк, Хаан банк, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага зэрэг манай улсын нэр хүндтэй шилдэг байгууллага аж ахуйн нэгжүүд өөрсдийн байгууллагын танилцуулгаа оюутан залууст хүргэж, мөн хүний нөөцийн бүрдүүлэлтээ хийх зорилгоор анкет авлаа.
Энэхүү өдөрлөг нь оюутнуудад мэргэжлийнхээ дагуу монголын топ байгууллагуудад ажилд ороход нь маш том дэмжлэг болсны дээр тухайн байгууллагуудын хувьд ч мөн адил шинэхэн төгсөж буй чадварлаг боловсон хүчнээр хамт олноо бүрдүүлэх боломжийг олгосноороо ихээхэн ач холбогдолтой байлаа. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залуусын дийлэнхи нь ажилд орох хүсэлт гаргаж анкет бөглөж байсан бөгөөд зарим нь хүссэн байгууллагатай мэргэжлээрээ ажиллах болсондоо маш их баяртай байгаагаа ч илэрхийлж байсан юм.
Мөн энэ үеэр МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд өөрсдийн танилцуулга мэдээллийг өдөрлөгт оролцож буй байгууллага аж ахуйн нэгжүүд, сонирхсон хүмүүст хүргэж байв. Энэ нь тухайн байгууллагын хүний нөөцөд шаардлагатай ямар мэргэжилтэн, төгсөгчийг олж болох вэ, ямар мэргэжлийн ямар ангиудаар мэргэжилтэн бэлтгэж гаргаж байна вэ гэдгээ дэлгэрэнгүй танилцуулан хамтран ажиллах, төгсөгч оюутнуудаа зуучлах боломж нөхцөлийг бүрдүүлж өгч байсан юм.