Монгол Улсын Их Сургуулийн, Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн салбарын философи, шашин судлалын тэнхим, ХБНГУ Чөлөөт Берлиний Их сургуулийн эрдэмтэд хамтран тус их сургуулиудын хамтын харилцааг хөгжүүлэх, философи судалгааны орчин үеийн хандлагын талаар санал бодол, туршлага солилцох зорилготой Философийн семинар-2014-ийг 9 дүгээр сарын 16-нд зохион байгуулж байна.
«Эрх мэдэл, Үнэн, Хууль ёс» (Power-Truth-Law) сэдэвт тус семинарт хэлэлцэж буй зарим илтгэлээс дурдвал философи, шашин судлалын тэнхмийн багш профессор Ц.Гомбосүрэн “Өнөөгийн монголд эх хэлний маань дархлаа суларч, эвдэрч байгаад холбогдох философи зарим дүгнэлт, санал”, профессор Т.Дорждагва “Соёлын тухай хуулийг боловсруулах арга зүйн асуудал”, Чөлөөт Берлиний Их сургуулийн профессор Андреа Арндт “Гегель, Маркс ба эрх чөлөө”, Майкл вон Дюфвин “Эрх мэдлийн тухай Уольтер Бенжамины тайлбар”, Лалла Сьебастъян “Витгенштейн ба үнэн” гэсэн сэдвээр илтгэл тавьж байна. Мөн философийн салбарын хэд хэдэн эрдэмтэн судлаач илтгэл хэлэлцүүлж, санал бодлоо солилцож байна.
Тус семинар нь Философи, шашин судлалын тэнхмийн хувьд судлаач багш солилцох, оюутнуудад шинэ мэдлэг, боломж олгох, орчин цагийн философи өрнө ба дорно дахинд судалгааны болон агуулгын түвшинд хэр хөгжиж байгаа мэдлэг мэдээллийг харилцан солилцох өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагч талууд үзэж байна.
Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль,
Хүмүүнлэгийн ухааны салбар, Философи, шашин судлалын тэнхим