БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД ЗОРИУЛСАН
ТӨСВИЙГ ЗАРЦУУЛАХ ЗӨВЛӨМЖ
Холбогдох мэдээллийг эндээс үзнэ үү
2015 оны 10 дугаар сарын 27-ны захиргааны зөвлөлийн хурлаар багшийн хөгжлийг дэмжихэд зориулсан төсвийг (цаашид хөгжлийн төсөв гэх) МУИС-ийн Хөдөлмөрийн Дотоод журамтай (цаашид дотоод журам гэх) уялдуулан зарцуулахаар шийдвэрлэсэн. Хөгжлийн төсвийг зарцуулах хүрээнд дотоод журмын 3.1.4, 3.1.12, 3.1.13, 3.4.2 болон 3.4.6 заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тэнхимийн шууд оролцоог нэмэгдүүлэх агуулгыг тодруулахад энэхүү зөвлөмжийн гол зорилго оршино.
Хөгжлийн төсвийг багш нарын жигд оролцоог хангасан байх зарчимд тулгуурлан тэнхимээс санал санаачилга нь гарсан, хүлээх үр дүн бодитой, гарах зардлын хэмжээ тодорхой байх багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд зориулахад чиглэнэ. Бүрэлдэхүүн сургууль дээрх нийт хөгжлийн төсвийн
А. 50-аас багагүй хувийг тэнхимийн шийдвэрийг (тэнхимгүй бол энэ заалт хамаарахгүй)
Б. 50-аас ихгүй хувийг (дэд) захирал болон захиргааны шийдвэрийг
үндэслэн тус тус зарцуулна. Бүрэлдэхүүн сургуулийн захиргаа тэнхимд харьяалалтай хөтөлбөрүүд дэх идэвхтэй оюутны тоо, тэнхимээс заадаг ерөнхий болон бүрэлдэхүүн сургуулийн суурийн хичээлд хамрагдаж буй оюутны тоо болон тэнхимийн багш нарын тоог харгалзан тэнхим тус бүрт А-д хамаарах төсвийн хэмжээг тогтоож өгнө (тэнхимгүй бүрэлдэхүүн сургуульд энэ заалт хамаарахгүй).
Бүрэлдэхүүн сургуулийн захиргаа, тэнхим багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааны бүх хэлбэрийн дэмжлэгийн зарцуулалт, хүрсэн үр дүнгийн талаарх мэдээллийн ил тод байдлыг хангана.
1. Дотоод журмын 3.1.12, 3.1.13,4.6 болон 5.3 заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан багшийн мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтад хамруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
- Тэнхимийн санал дээр үндэслэн багш нарыг олон улсын эрдэм шинжилгээний тогтмол явагдаж ирсэн, нэр хүндтэй мэргэжлийн хурал, семинарт оролцуулахыг дэмжинэ. Зохион байгуулагчаас албан ёсны урилгатай, илтгэл хэлэлцүүлж оролцох оролцоонд илүү ач холбогдол өгнө. Мөн холбогдох асуудал эрхэлсэн дэд захирлаар баталгаажуулсан МУИС-аас ач холбогдол өгч буй ажлаар гадаад улс орнуудад албан томилолтоор ажиллах багш бүрэлдэхүүн сургуулийн захиргаанд хандах бөгөөд энэ үйл ажиллагаа дотоод журмын 5.3 заалтаар зохицуулагдана.
- TOEFL, IELTS, GMAT, GRE зэрэг мэргэжлийн болон гадаад хэлний стандарт шалгалтын төлбөрт дэмжлэг олгоно.
- БСШУЯ, их дээд сургуулиуд болон бусад сургалт судалгааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа багшийн мэдлэг, боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг дэмжинэ.
- Дотоод журамд зүйлчлэн заагдаагүй ч санал, санаачилга нь зөвлөх болон үндсэн багш нараас гарсан бөгөөд тэнхимийн хурлаар баталгаажсан үйл ажиллагааг дэмжинэ.
2. Дотоод журмын 3.1.4 болон 3.4.2 заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тэнхимийн хурлаар хэлэлцэгдэж дэмжигдсэн сургалт, судалгаа явагдаж буй орчин, багшийн ажиллах нөхцөлийг сайжруулах болон бичгийн хэрэгсэл, техник хэрэгслээр хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
3. Дотоод журмын 3.1.13, 6.2, болон 6.3.26 заалтыг хэрэгжүүлэх болон багш нарыг эмнэлгийн суурь шинжилгээнд хамруулахад гарах зардлыг хөгжлийн төсвийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд үйл ажиллагааг ЗХШҮА зохион байгуулж багш нарыг холбогдох мэдээллээр хангана. Зарим онцгой тохиолдолд МУИС-д ажиллаж байгаа үндсэн орон тооны багшийн эмчилгээний төлбөрийн тодорхой хэсэгт дотоод журамд зааснаас давсан мөнгөн тусламж үзүүлэх асуудлыг бүрэлдэхүүн сургуулийн захиргаа хэлэлцэж шийдвэрлэнэ.