Нэрт дипломатч М.Дүгэрсүрэн агсны 90 жилийн ой болж байна

Share Button

Монгол улсын төрийн зүтгэлтэн, нэрт дипломатч Мангалын Дүгэрсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан  “Орчин үеийн дипломат арга ажиллагааны онол, практикийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо.

М.Дүгэрсүрэн агсны 90 жилийн ойг Гадаад харилцааны яам, Монгол Улсын Их Сургууль, “Монгол элч” ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МУИС-ийн ОУХС-аас зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар, ОУХС-ийн захирал Н.Алтанцэцэг, Академич Ш.Бира, М.Дүгэрсүрэн агсны охин Д.Сүхжаргалмаа, Д.Сүхгэрэл,  ҮТАкадеми, ҮАБЗ, ГХЯ-ны төлөөллүүд болон ОУХС-ийн  багш, оюутнууд оролцсон юм.

Хурлын үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, МУИС-ийн ОУХС-ийн захирал, доктор, профессор Н.Алтанцэцэг, ОУХС-ийн багш, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Төмөрхүлэг, ОУХС-ийн багш, доктор, профессор Д.Цолмон, Онц бөгөөд бүрэн эрхт элчин П.Нямаа нарын хүмүүс илтгэл тавьж, Монгол улсын орчин үеийн гадаад бодлого, дипломат ажиллагаа, гадаад бодлогын залгамж, нэгдмэл чанар, дипломат боловсон хүчний тухай болон М.Дүгэрсүрэн агсны монгол улсын гадаад харилцаа болоод ОУХС-д оруулсан хувь нэмэр зэрэг асуудлаар хэлэлцэн, түүний тухай дурсамж яриа өрнүүлсэн юм.

Мөн ГХЯ-наас М.Дүгэрсүрэн агсны ойд зориулан түүний амьдрал замналыг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэнг гаргажээ. Харин түүний гэргий, үр хүүхдүүд нь  “Монгол улс НҮБ-ын конвециор хүлээсэн үүргүүд, хэрэгжилтийн асуудлууд” сэдэвт оюутны тэтгэлэгт эссэ бичлэгийн уралдааныг зарлан зохион байгуулж байгаа юм байна.

 

 

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар