Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд  хүчирхийлэлийн эсрэг тайван жагсаал зохион байгууллаа

Share Button

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 4-ний өдөр МУИС-ийн оюутнууд хүчирхийллийн эсрэг өөрсдийн дуу хоолойг өргөж тайван жагсаал хийв. Энэхүү жагсаал МУИС-ийн хичээлийн төв байрнаас Тусгаар тогтнолын талбай хүртэл 13-14 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд жагсаалд 150 гаруй оюутан нэгдсэн байна.

Тайван жагсаалыг зохион байгуулсан МУИС-ийн Оюутны Холбооныхон хэлэхдээ “Сүүлийн үед гэр бүлийн болон хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нийгмийг айдаст автуулж олон хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж, хүчирхийллийн зовлонд тэд маань шаналж байна.  Энэ бусармаг үзэгдлийн хажуугаар залуус бид нүдээ аниад өнгөрч чадахгүй. Бид ирээдүйд эцэг эх болж аз жаргалтай гэр бүлийг авч явах хүмүүс тул одооноос өөрсдийгөө бэлдэх ёстой.

Бид хэн нэгнийг онилж, ямар нэгэн хууль тогтоомжийг өөрчил гэж шаардахгүй. Харин оюутан залуусаар дамжуулан хүн бүрийг нийгмийн хариуцлагаа ухамсарлахад уриалж, шинэ залуу үеээ зөв төлөвшилттэй, ухамсартай иргэн болон хөгжүүлэх зорилгоор нийгэмд тулгамдсан бусармаг үйлдлийг жигшин зэвүүцэх үзэл санаан дор нэгдэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Хүчирхийлэл гэдэг аймшигт зүйл хүнлэг бус байдал, оюун санааны доройтлоос болж үүсч байна. Иймээс бүх нийтийг соён гэгээрүүлэх хэрэгтэй. Энэ зүйл рүү ямар ч боловсролын байгууллага чиглэлээ тогтоож, манлайлж оролцох ёстой юм” гэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар