ОУХНУС-ийн Оюутнууд Хүүхдийг ивээх сан олон улсын ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Share Button

ОУХНУС-ийн оюутнууд бид Д.Оюунсүрэн багшийн заадаг “Олон улсын байгууллага ба олон талт яриа хэлэлцээ” хичээлийн хүрээнд  2017 оны 11 сарын 3-ны өдөр Хүүхдийг ивээх сан (Save the Children) олон улсын төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллагын ажилтан, ОУХНУС-ийн 1999 оны төгсөгч Э.Цолмон биднийг халуун дотноор хүлээн авч, байгууллагынхаа үйл ажиллагаа болон хэтийн зорилгоо танилцууллаа.

Хүүхдийг ивээх сан ТББ нь анх 1919 онд Их Британи улсад боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн боломжоор дамжуулан хүүхдүүдийн амьдралыг сайжруулах, байгалийн гамшиг, дайн болон бусад хямрал мөргөлдөөний үед яаралтай тусламж үзүүлэх зорилгоор байгуулагдаж байжээ. Тус байгууллага нь хүүхдийн төлөө олон талт  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, эрүүл мэнд болон хүүхдийн ядуурлыг бууруулах үндсэн чиглэлтэйгээр Монгол улсад 1994 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байна.

                               

Зөвхөн хүүхэд ч гэлтгүй байгаль цаг уурын хувьд хүнд нөхцөлтэй Монгол орны малчин өрхүүдийн амжиргааг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, хүүхдүүдийн боловсролыг дэмжих, гамшгийн эрсдлийг бууруулах зэрэг үйл ажиллагаа явуулахын сацуу Хаан банктай хамтран зорилтот малчин өрхүүдийн мал аж ахуй болон хүүхдүүдийнх нь боловсролд зориулж, 338.3 сая төгрөгийг 4700 иргэнд олгосон байна.

Одоогийн байдлаар энэ байгууллага нь хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Улаанбаатар хот, Архангай аймгийн сумдын Хүүхэд хамгааллын хамтарсан багуудыг дэмжих, чадавхжуулах ажилд анхааран ажиллаж байна. 1999 оноос эхлэн дэлхийд алдартай Канадын Нарны цирк корпорацитай хамтран “Нийгэмшүүлэх цирк” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд циркийн урлагаар дамжуулж хүүхдийг нийгэмшүүлэх энэхүү хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 9000 гаруй хүүхэд залуус хамрагджээ.

“Бүхнийг хүүхдийн төлөө” гэсэн чин сэтгэлийн уриатайгаар хүүхдэд чиглэсэн дэлхий нийтийн хандлагад дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт хийхийн төлөө хүчин зүтгэж буй энэхүү байгууллагад дэлхийн хүүхэд бүхний өмнөөс баярлах нь зүйтэй билээ.

Бид бүгдэд зөвхөн байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулаад зогсохгүй, өөрийн ажлын туршлага болон бидний ирээдүйн талаар илэн далангүй ярилцаж үнэтэй зөвөлгөөгөө харамгүй хайрласан Э.Цолмон эгчдээ болон биднийг халуун дотноор хүлээн авсан  Хүүхдийг ивээх сан ТББ-ын хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

Э. Заяаболд, Т. Түвшинжаргал, М. Удвал, Б. Хулан

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар