БСШУЯ-наас Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан технолгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан “эрдэмтэн судлаачдын боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох” зорилтыг хэрэгжүүлэхээр судлаачдын инновацийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Эрдэмтэд, судлаачид та бүхнийг төслийн баримт бичгээ боловсруулан энэхүү шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
Инновацийн төсөлд тавигдах шаардлага:
1. Төсөл нь эрдэм шинжилгээ, туршилт, сорилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон экспортын болон импортыг орлуулахуйц шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг зах зээлд туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэгдсэн байх;
2. Туршин нэвтрүүлэх бүтээгдэхүүн, техник, технологи нь эрдэмтэд, судлаачдын оюуны бүтээл /патент, диссертаци, эрдэм шинжилгээний тайлан г.м/-ээр баталгаажсан байна;
3. Төсөл хэрэгжих хугацаа 1-3 жил, санхүүжилт 90 сая төгрөг хүртэл байх бөгөөд цалингийн зардал төслийн санхүүжилтийн 20 хувиас хэтрэхгүй байх;
4. Төслийн зардлын задаргаа, худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг бодитой тусгасан байх;
Дээр дурдсан шаардлагыг хангасан төслийн баримт бичгийг 2012 оны 3 дугаар сарын 30-ны дотор БСШУЯ-ны 206 тоот өрөөнд хүлээж авна.
Холбоо барих утас: 263663
Боловсрол соёл, шинжлэх ухааны яам