МУИС-ийн ХЗС-ийн Хувийн эрхзүйн тэнхим, ХЗС-ийн Оюутны англи хэлний клубээс (Students English Speaking Club) хамтран зохион байгуулдаг уламжлалт эрдэм шинжилгээний хурал 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ХЗС-ийн лекцийн их танхимд амжилттай болж өндөрлөлөө. Оюутнуудын мэргэжлийн англи хэлний мэдлэг, чадварыг сайжруулах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор англи хэл дээр зохион байгуулдаг уг салбар хурлыг энэ удаа “Private Law Issues in Practice” сэдвээр хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 2 дугаар шатанд шалгарсан 18 оюутан 16 илтгэл хэлэлцүүлснээс МУИС-ийн ХЗС-ийн Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 3 дугаар курсын оюутан А.Мандуул “Consumer Protection in Commercial Transaction” сэдэвт илтгэлээр тэргүүн байр, Эрх зүйн хөтөлбөрийн 4 дүгээр курсын оюутан С.Гэрэлцэцэг “Practical Issues in the Emotional Distress of Mongolian Civil Code” сэдэвт илтгэлээр дэд байр, Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 5 дугээр курсын оюутан С.Үммүгүлсим “Ranking of obligees in the laws of Mongolia” сэдэвт илтгэлээр гуравдугаар байр тус тус эзэлж, Олон улсын эрх зүйн хөтөлбөрийн 5 дугаар курсын оюутан И.Балжинням, Японы эрх зүйн хөтөлбөрийн 3 дугаар курсын оюутан А.Бодьбилэг нарын илтгэл шагналт байрт шалгарлаа.
Тус хуралд Мобиком компаний дэд захирал, тус сургуулийн төгсөгч Д.Уянга, Махони Лиотта ХХН-ийн хуульч Р.Ариунтуяа, Минтер Эллион Монголиа ХХН-ийн хуульч Александр Холтон (Австрали Улс), Монгол Өмгөөлөгч ХХН-ийн хуульч П.Оюун-Эрдэнэ, ИЭлСи ХХН-ийн хуульч А.Мандуул, ХЗС-ийн төгсөгч, хуульч Х.Ариунгоо нар шүүгчээр ажиллаж, оюутнуудын хэлэлцүүлсэн илтгэл, хөндөж буй асуудлуудаар үнэтэй зөвлөгөө өгч, санал бодлоо солилцлоо. Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож, шалгарсан оюутнуудыг ивээн тэтгэгч байгууллагууд шагнаж урамшуулснаас гадна Мобиком компани, ELC LLP Advocates ХХН зэрэг байгууллагууд оюутан А.Мандуул, С.Үммүгүлсим нарт цалинтай дадлага хийх урилга гардуулав. Шүүгчээр ажилласан хуульчид энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол, зохион байгуулалтыг өндрөөр үнэлж, оюутнуудын хэлэлцүүлж буй судалгааны ажлын цар хүрээ, хөндөж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, оролцогчдын англи хэлний чадвар жилээс жилд сайжирч, чанаржиж байгааг онцлон тэмдэглэсэн нь оюутнуудад цаашид судалгаа шинжилгээний ажил хийх урам зориг өгсөн үйл явдал болсон юм.
Эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүлсэн оюутнууддаа судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье! Оюутнуудын эрдэм судалгааны ажлыг дэмжиж, хамтран ажилласан ивээн тэтгэгч байгууллагууд, шүүгч нартаа гүн талархлаа илэрхийлье!
МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Англи хэлний клуб