БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Чун Жэ Нам МУИС-д айлчиллаа

Share Button

2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар эрхэмсэг элчин сайд ноён Чун Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад элчин сайдыг дагалдаж элчин сайдын зөвлөх Ким Ми Ок, зөвлөх Шин Сан Кюн, мэргэжилтэн Ким Хэ нар байлцав. МУИС-ийн зүгээс Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг болон ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар уулзалтад оролцлоо.

 

Элчин сайд ноён Чун Жэ Нам 2018 оны 5 дугаар сарын 17-нд итгэмжлэх жуух бичгээ МУ-ын Ерөнхийлөгчөөс гардан авсаны дараа хамгийн анх зочилж буй байгууллага нь МУИС юм гэдгийг онцлон дурдаад Монгол Улсынхаа тэргүүлэх сургууль, Солонгос хэл, соёлыг олон жилийн турш дэмжин дэлгэрүүлэн ажиллаж буй нэр хүндтэй сургуульд айлчилсандаа сэтгэл өндөр байгаагаа мөн илэрхийлэв.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар ноён элчин сайдыг МУИС-д айлчилж буйд талархаад БНСУ-ын ЭСЯ-тай олон салбар чиглэлээр ажиллаж ирсэнийг онцлоод цаашид хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийлээд МУИС нь БНСУ-ын их, дээд сургуулиудтай хамгийн олон хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд цаашид Солонгосын тэргүүлэх сургууль, судалгааны төвүүдтэй хамтарсан төсөл, судалгааны ажил явуулах нэн хэрэгцээтэй буйг цохон тэмдэглэв. Тухайлбал шар шороон шуургын судалгааг хоёр улсын эрдэмтэд хамтран явуулах боломжийг судлан МУИС-ийн зүгээс тодорхой санал боловсруулан ажиллаж байгааг захирал Я.Төмөрбаатар элчин сайдад мэдээлэв.

Эрхэмсэг элчин сайд саналыг талархан хүлээн авч хоёр улсын эрдэмтэн судлаачдын хамтарсан уулзалт, хурал зөвлөгөөнийг зохион байгуулвал хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулна гэдгийг дурдав. Тэрбээр мөн хамтарсан судалгаа явуулах тэргүүлэх чиглэл нь шар шороон шуурганы судалгаа байж болох юм гэв. Ноён Чун Жэ Нам 2019 онд Монгол, Солонгос хоёр улс ах дүүгийн барилдлага тогтоосны түүхэн 800 жилийн ой тохиож буйг тэмдэглээд ойг угтаж БНСУ-ын Зүүн хойд Азийн түүхийн хүрээлэн, МУИС хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2018 онд багтаан зохион байгуулах талаар тус хүрээлэнгийн саналыг захирал Я.Төмөрбаатарт уламжиллаа. Захирал Я.Төмөрбаатар уг саналыг хүлээн авч хурлыг БНСУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд Чун Жэ Нам МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт хурал зохион байгуулах саналыг хүлээн авсанд гүн талархлаа илэрхийлээд хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа улам бүр дэвжин хөгжинө гэж итгэж байна гэдгээ илэрхийлснээр уулзалт өндөрлөв.