БНСУ-ын Монгол Судлалын Нийгэмлэгээс (СМСН) жил бүр зохион байгуулдаг Монгол Судлалын Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлын 31 дүгээрх бага хурал энэ сарын 23-нд Сөүл хотноо Солонгосын Хангүг Гадаад Судлалын Их Сургууль (ХГСИС)-д боллоо. Энэ их сургууль бол Солонгос улсад монгол судлалын анги байгуулсан хоёр дахь их сургууль бөгөөд дэлхийн 50 гаруй хэл заадаг улсдаа гадаад судлалаар тэргүүлдэг их сургууль билээ.
СМСНийгэмлэг нь 1991 онд байгуулагдсан ба түүнээс хойш жил бүр энэхүү олон улсын монгол судлалын хурлыг өөрийн оронд зохион байгуулж байгаа бөгөөд Монгол хэл, түүх, утга зохиол, нийгэм соёл, урлагийн чиглэлээр судалгаа хийдэг Солонгосын болон гадаадын эрдэмтдийг урин оролцуулдаг. Энэ жилийн хуралд БНСУ, Монгол Улс, БНХАУ, ОХУ, Чех зэрэг орны 20-иод эрдэмтэн доктор, судлаачид илтгэл айлтгал хэлэлцүүллээ.
Тус хурал нь Солонгос Монголын гарал үүслийн талаарх асуудлыг хэлэлцэх ерөнхий сэдвийн хүрээнд болж Монголын түүх, соёл, утга зохиол, хэл, ардын эмнэлэг, аж ахуйн чиглэлээр олон илтгэл хэлэлцсэн бөгөөд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн жилд болж байгаагаараа онцлог болохыг үг хэлсэн болон илтгэл тавьсан эрдэмтэн судлаачид нэгэн дуугаар онцлон тэмдэглэв.
Тус олон улсын бага хурлыг СМСН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Ги Сон удирдаж, тус холбооны ерөнхийлөгч Вон Килл Харк, Хангүг Гадаад Судлалын Их Сургуулийн дэд захирал Ким Хае Рионг, Монгол Улсаас Солонгос Улсад суугаа ЭСЯ-ны Элчин Зөвлөх Ж.Сүхээ нар Монгол-Солонгосын харилцаа, монгол судлалын талаар дэлгэрэнгүй үг хэлж, тус холбооны анхны ерөнхийлөгч профессор Чон Хо Ким үндсэн илтгэлийг тавилаа.
Уг хуралд Монгол Улсаас МУБИС, Улаанбаатар дээд сургуулийн эрдэмтэд оролцсон бол МУИС-иас Монгол Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй, МХСС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, д-р, дэд профессор Д.Баасанбат, Утга зохиолын тэнхимийн багш, д-р, дэд профессор Б.Хишигсүх, Монгол хэлшинжлэлийн тэнхимийн багш, д-р Л.Ганчимэг нар оролцож монгол хэл, утга соёл, монгол болон алтай овгийн бусад хэлний харьцуулсан судалгааны талаарх шинэхэн судалгаанаасаа илтгэн хэлэлцүүлсэн ба СМСН нь хуралд оролцсон гадаадын эрдэмтдийг өндөр хэмжээнд хүлээн авав.
Энэ үеэр Монгол Судлалын Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй БНСУ-ын Хангүг Гадаад Судлалын Их Сургууль, Санжийн Их Сургуульд зочилж их сургуулиуд хоорондын монгол судлал болон нийгмийн ухааны чиглэлийн ойрын үеийн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Мөн МУИС-ийн захирал С.Төмөр-Очирын албан ёсны урилгыг ХГСИС-ийн ерөнхийлөгч Парк Чүлд гардуулж, Хангүг их сургуультай хамтран 2012 оны зун “Гадаад хүнд монгол хэл заах арга” сэдвээр олон улсын хурал хийх талаар тус их сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч д-р профессор Д.Отгонцэцэг, Санжийн Их сургуульд нийгмийн ухааны чиглэлээр магистрантурт хөнгөлөлттэй үнээр сургах, монгол, манж судлалын олон улсын хурал зохион байгуулах зэрэг асуудлаар тус их сургуулийн Нийгмийн Ухааны Факультетийн декан Чой Дүн Гүен нартай ярилцаж тохиров.