БНСУ-ын Ханьяан Их Сургуулийн Эрика төвийн Шинжлэх Ухаан Технологийн Сургуулийн захирал Ча Мин Чол, тус сургуулийн багш профессор Ким Жэ Кюүнь, Эм зүйн сургуулийн багш профессор Ким Сан Сон, Программ хангамжийн сургуулийн захирал Ду Гён Гү нарын баг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10:00 цагт Монгол Улсын Их Сургуульд айлчилж, МУИС-ийн ижил мэргэжлийн бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессор багш нартай уулзаж цаашдын хамтын ажиллагаа, багш нарын мэргэжил дээшлүүлэх, магистр докторын хосолсон, докторын хөтөлбөрөөр шаардлага хангасан төгсөгч, судлаач нартай ярилцлага хийж тэтгэлэгт хөтөлбөрөөр Ханьяан Их Сургуульд суралцуулах төлөвлөгөөтэй байна.
Ярилцлагыг англи хэлээр явуулах бөгөөд шаардлага хангасан оюутнуудын хувьд Ханьяан их сургуулийн ЭРИКА кампусаас сургалтын төлбөр, профессор багшаас амьжиргааны тэтгэмжийг шийдвэрлэх боломж бий.
- Ярилцлагад орохыг хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
– Математик, физик, хими, биологи суурьтай шинжлэх ухааны чиглэлээр суралцаж төгссөн байх:
– Өөрийн судалгааны ажлын товч намтар, (CV) авчрах:
– Дүнгийн голч үнэлгээ (C.G.P.A) нь өндөр байх:
– Тухайн жил бакалавр/ магистрын зэргээр төгсөж байгаа эсвэл төгсөөд 5 жил дотроо мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх:
– Англи хэлний шаардагдах түвшин IBT TOEFL 61, IELTS 5.5, TOEIC 700, TOEFL ITP 600 ба түүнээс дээш байх: (Хэрэв дээрх шалгалтын оноо бага эсвэл шалгалт өгч байгаагүй боловч англи хэлний түвшин хангалттай сайн бол ярилцлагаар шийдвэрлэх боломжтой)
- Жич: Ханьяан их сургууль нь 1939 онд байгуулагдаж, 79 жилийнхээ түүхэнд БНСУ-ын тэргүүлэх их сургуулийн нэг болсон билээ. Үндсэн оюутны тоо 33065 бөгөөд үүнээс 8529 оюутан ахисан түвшний сургалтанд, 6700 оюутан гадаадаас суралцаж байна. Тус сургууль нь шилдэг их сургуулиудын жагсаалтаар дэлхийд #155, азид #30, Солонгос улсдаа #6-д жагссан бөгөөд төгсөгчдөөс төрсөн CEO нарын тоогоор улсдаа тэргүүн байранд орсон байна. Тус сургуулийн гадаад төгсөгчид нь “SAMSUNG”, “HYUNDAI”, “LG”, “DAEWOO” зэрэг тус улсын томоохон компанид ажиллаж, туршлага хуримтлуулах боломжоор хангагддаг.
Хамтын ажиллагааны хэлтэс