БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо МУИС-д зочлов

Share Button

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрхэмсэг ноён О Сын Хо тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д айлчлав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайдын зөвлөх ноён Хан Чол Мин болон 3-р нарийн бичгийн дарга ноён Пак Кюнг Чол нар байлцлаа. Уулзалтад МУИС-ийн зүгээс захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Я.Төмөрбаатар, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр болон ШУС-ийн ХУС-ын Ази судлалын тэнхимийн ахлах багш Б.Дулмаа нар оролцов.

 

Уулзалтын эхэнд элчин сайд ноён О Сын Хо хүлээж авч уулзаж буйд нь Др. Я.Төмөрбаатарт талархлаа илэрхийлээд энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглээд БНАСАУ-ын оюутнуудыг олон жилийн турш суралцуулж байгаад нь МУИС-ийн хамт олонд баярлаж буйгаа илэрхийлж БНАСАУ-аас ирж суралцах ахисан түвшний оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй гэдгээ дурдав.

Захирлын үүрэг гүйцэтгэгч Др. Я.Төмөрбаатар энэхүү хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэхэд бэлэн буйгаа мэдэгдээд хоёр улсад оюутан суралцуулах асуудлыг хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шийдвэрлэх боломж бий эсэхийг судлах, хэлэлцээрийн хугацаа дууссан тохиолдолд шинээр хэлэлцээр байгуулах саналыг холбогдох байгууллагуудад уламжлах хэрэгтэйг хэлэв. Мөн тэрээр сүүлийн 3 жилд Ким Ир Сэний их сургууль болон МУИС-ийн удирдлагууд 3 удаа уулзаж хамтын ажиллагааг хэрхэн идэвхжүүлэх талаар санал солилцож ирсэн тухай мэдээллээ. 2018 оны 6 дугаар сард МУИС дээр зохион байгуулагдсан хоёр сургуулийн захирлуудын уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчний хамтарсан судалгаа хийх, шар шороон шуурганы асуудлыг судлах, Монгол судлал, Солонгос судлал, солонгос хэл дэлгэрүүлэх болон нийгмийн ухааны чиглэлээр хамтран ажиллах, МУИС дээр тогтвортой хөгжлийн асуудлаар болон Монголын шилжилтийн үеийн эдийн засаг, банкны өөрчлөлтийн талаарх хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах гэх мэт олон салбар чиглэлүүдээр хамтарч ажиллах бүрэн боломж бий талаар санал солилцож байсан билээ.

Др. Я.Төмөрбаатар Ким Ир Сэний их сургуульд энэ оны 9 дүгээр сарын 24-29-ний өдрүүдэд зочлохдоо тус сургуулийн ректор Тэ Хён Чөлтэй хийсэн уулзалтын үеэр Зүүн Хойд Азийн их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, Зүүн Хойд Азийн олон улсын төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, ХАА-н салбарт малын бруцеллёз, тахианы  сальмонеллез өвчнийг хамтран судлах асуудлаар санал солилцсон тухайгаа дурдав.

Тэрээр уулзалтын төгсгөлд Ким Ир Сэний их сургууль болон МУИС-ийн аль салбар, чиглэлүүдээр ямар түвшний хэдэн оюутан сургах талаар тодорхой санал мэдээлэл бэлдэн БНАСАУ-ын ЭСЯ-нд хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Элчин сайд ноён О Сын Хо талархлаа илэрхийлээд ирж буй 2019 онд боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар