МУИС-ийн Математик Компьютерийн Сургууль, програмчлалын олимпиадыг зохион байгуулах хороотой хамтран дрограмчлалын үндэсний 4-р олимпиадыг энэ сарын 06-09-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Олимпиадад Компьютерийн ухаан ба Програмчлалын чиглэлээр сургалт явуулж мэргэжилтэн бэлтгэдэг МУИС, ШУТИС, МУБИС,ХААИС, Их засаг, ХУИС, Улаанбаатар дээд сургууль, APTECH мэргэжлийн сургууль зэрэг 12 сургуулийн 21 баг оролцсон юм.
Ухаан бодол, ур чадвараа сорьж олимпиадад амжилттай оролцон байр эзэлсэн багууддаа баяр хүргэж МУИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирал профессор Р.Ринчинбазар, МКС-ийн захирал Л.Алтангэрэл, МТС-ийн захирал Ч.Лодойравсал, програмчлалын олимпиадыг зохион байгуулах хорооны дарга МКС-ийн Программ хангамжийн тэнхимийн эрхлэгч профессор Д.Гармаа, мөн тус хорооны нарийн бичгийн дарга МКС-ийн багш Г.Багаболд нар шагналыг гардуулан өглөө.
Олимпиадад МУИС-ийн МТС-ийн Б.Доржнамжирмаа дасгалжуулагчтай Д.Өсөхбаяр, Б.Дөлгөөн, Т.Адьяа нарын бүрэлдэхүүнтэй SIT1 баг 863 минутын хугацаанд 6 бодлогыг бодон олимпиадын аварга болж, энэ намар болох Азийн бүсийн 37-р тэмцээнд оролцох эрх, алтан медаль,өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд болов.
Харин ШУТИС-ийн КТМС-ийн Г.Болд-Эрдэнэ дасгалжуулагчтай Э.Шүрэнчулуун, О.Бат-Эрдэнэ, Г.Чинбат нарын бүрэлдэхүүнтэй CSMS2 баг 372 минутад 4 бодлогыг бодож дэд байр, ШУТИС-ийн КТМС-ийн Т.Золбоо дасгалжуулагчтай Б.Амар, Б.Батзаяа, Б.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй CSMS1 баг 329 минутад 3 бодлогыг бодож гутгаар байрыг тус тус эзлэн мөнгө, хүрэл медаль, өргөмлөл, мөнгөн шагналаар шагнуулсан юм.
Энэхүү олимпиадыг МКС 2009 онд Програмчлалын олимпиадын Азийн бүсийн захирлуудын зөвлөлөөс өөрийн орондоо зохион байгуулах эрхийг авч жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Харин энэ жилийн хувьд МУИС-ийн 70 жилийн ойн нэрэмжит болон зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой төдийгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын баг олимпиадад хувиараа ирж оролцсон нь олимпиадын цар хүрээ улам өргөжин тэлж буйг харуулсан содон үйл явдал байлаа.
Мөн Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Мэдээлэл харилцааны технологийн сургуулийн багийн нийт гишүүд эмэгтэй оюутнаас бүрдсэн байсан нь энэ жилийн олимпиадын бас нэгэн онцлог байлаа.
Олимпиадыг А.Батпүрэв захиралтай КИБЕР КОМ ХХК ерөнхий ивээн тэтгэгчээр, ШУА-ийн Информатикийн хүрээлэн, Ш.Отгон-Өлзий захиралтай ОРГИЛ СОФТ ХХК, А.Амарбаясгалан захиралтай АСУ ХХК зэрэг байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцсон юм.