ОУХНУС-ийг төгсөгчдөөс Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийг анх удаа санаачлан хэрэгжүүллээ

Share Button

2017-2018 оны хичээлийн жилд ОУХНУС-ийг төгсөгчдөөс Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийг анх удаа санаачлан хэрэгжүүлсэн юм. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон Төгсөлтийн баярын үеэр 2018 оны төгсөгчдийг төлөөлж Г.Эрдэнэцэцэг 2018 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийн батламжийг ОУХНУС-ийн захирал С.Баттулгад гардуулсан билээ. Олон улсын харилцааны тэнхимээс олон улсын харилцаа хөтөлбөрөөр идэвхтэй суралцаж буй 2-3 түвшний оюутнуудын дунд нээлттэй сонгон шалгаруулалтыг 2018 оны 10 дугаар сарын 25-аас 12 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төгсөгчдийн тэтгэлэг гардуулах комиссын гишүүд ахлах багш Г.Баасанхүү, багш Б.Баярцэнгэл, Д.Өнөрмаа нар сонгон шалгаруулалт явуулахдаа идэвхтэй суралцахаас гадна, сурлагын голч оноо, эрдэм шинжилгээ, спортын болон бусад амжилт, нийгмийн идэвх оролцоо, өмнө нь ямар нэг тэтгэлэгт хамрагдаагүй байдал зэрэг үндсэн шалгуурыг баримталсан. Нийт 12 оюутан материалаа ирүүлснээс олон улсын харилцаа хөтөлбөрийн III түвшний оюутан Батбилэгийн Итгэл шалгарч 1 сая 500 мянган төгрөгийн сургалтын тэтгэлгийг авах эрхтэй болсон. Бид төгсөгчийн төлөөлөл, тэтгэлгийн эзний сэтгэгдлийг хуваалцлаа.

Төгсөгч Г.Эрдэнэцэцэг: “Бидний тэтгэлэг хэрэгтэй хүндээ очсонд чин сэтгэлээсээ баяртай байна. Төгсөгчид бид сурах чин хүсэл эрмэлзэлтэй, сургуульдаа болон нийгэмдээ манлайлагч тийм л шилдэг нэгэнд энэ тэтгэлэг очоосой гэж хүсэж байсан. Сургуульдаа хэрэгтэй үлгэр дуурайл, дүү нартаа урам итгэлийг үлдээх сайхан санаачилгыг анх зөвлөсөн Г.Баасанхүү багшдаа талархлаа илэрхийлье. Дараа дараагийн нийт төгсөгчдөдөө бидний санаачилсан энэ тэтгэлгийг үргэлжлүүлээсэй, хэрэгтэй нэгэнд нь хамтдаа тусалдаг уламжлалаа хадгалаасай гэж уриалж байна гэдгээ төгсөлтийн баярын үеэр ч хэлж байсан.Энэ удаа ч уриалж байна” гэсэн юм.

Төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийн анхны эзэн, 2018 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн оюутан Б.Итгэл “Юуны өмнө МУИС-ийн ОУХНУС-ийн “2018 оны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлэг”-ийг гардан авсандаа чин сэтгэлээсээ баяртай байна. Надад энэхүү боломжийг олгосон дээд үеийн ах, эгч та бүхэндээ маш их талархаж байгаагаа илэрхийлье. Би энэ тэтгэлгийг авснаараа анх удаа эцэг, эхдээ сургалтын төлбөрийн дарамт үүсгэлгүй хаврын улиралдаа суралцах боломжтой болсон. Та бүхнийхээ надад итгэсэн урам итгэлийг алдалгүй хичээлдээ улам анхаарч, илүү хичээн суралцах болно гэдгээ амлаж байна. Энэхүү тэтгэлэг нь оюутны хичээл зүтгэл, нийгмийн идэвх, сурлага, амжилт зэргийг харгалзан үзсэнээр оюутанд урам өгч, сэдэлжүүлж байгаа нь нэг талаар маш өгөөжтэй хөрөнгө оруулалт болж байгаа болов уу хэмээн бодож байгаа минь буруудахгүй байх. Хамгийн ашигтай хөрөнгө оруулалт бол оюуны хөрөнгө оруулалт юм. Өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байх нь хамгийн чухал. Гадаадын их, дээд сургуулиудад суралцах тэтгэлэг авч чадсангүй гээд урам нь хугарсан олон оюутныг би МУИС-д харж байсан. Харин ч эсрэгээрээ МУИС-ийн оюутан гэдгээ эхэнд бодож бахархах хэрэгтэй санагддаг. Өөрт олдсон боломжийг тултал ашиглах нь илүү үр дүнд хүргэнэ гэдэгт би итгэдэг. 2018 оны төгсөгчид маань бидэнд нэгэн шинэ боломжийг нээлээ. Та бүхний итгэлээр жигүүрлэн сургуулийнхаа болон олон улсын харилцаа хөтөлбөрийн үлгэр дуурайлтай оюутны нэг байхын төлөө мэрийх болно. Та бүхэндээ дахин талархлаа илэрхийлэхийн ялдамд, амьдрал, ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.” гэсэн юм.