МУИС-д суралцагч гадаад оюутнууд болон гадаад хэл, орон судлал, мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хамтын ажиллагааг сайжруулах, монгол хэл, гадаад хэлний чадвар, сурах, хүсэл сонирхол, урлагийн мэдрэмж, авьяас бүтээлч сэтгэхүйг нээн хөгжүүлэх, сурч буй монгол хэл, гадаад хэлээрээ өөрийгөө илэрхийлэх болон багаар ажиллах чадварыг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, улс үндэстний түүх, соёлыг сурталчлах зорилготой Олон улсын соёлын өдөрлөгийг Оюутан төгсөгчийн хэлтэс нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хичээлийн 2–р байр, А-Зааланд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг Оюутан, төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг нээж тус өдөрлөгийн зорилго, ач холбогдлын талаар товч үг хэлэв. Энэ удаагийн өдөрлөгт МУИС-д суралцаж байгаа Засгийн газрын гэрээгээр суралцагч БНАЛАУ, БНПУ, БНХАУ-ын оюутнууд, Хамтын ажиллагаатай сургуулиас оюутан солилцоо хөтөлбөрөөр суралцагч Франц, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ-ын оюутнууд болон МУИС-д дадлага хийж байгаа ХБНГУ-ын Ажил мэргэжлийн их сургуулийн найман оюутан оролцлоо. Мөн ХУС–ийн Ази судлалын тэнхимийн хятад, япон, солонгос хэл-орон судлал ангийн оюутнууд, Европ судлалын тэнхимийн франц, герман, польш хэл-орон судлал ангийн оюутнууд, Их Британи, Америк судлалын тэнхимийн англи хэлний оюутны төлөөлөл, Хүмүүнлэгийн ухааны салбарын оюутны зөвлөлийн гишүүд тус өдөрлөгт идэвхтэй оролцож, суралцаж буй гадаад хэл, тухайн орны соёлоос танилцуулан мэндчилж, урлагийн тоглолт үзүүлбэрийг толилуулсан юм.
Тус өдөрлөгөөр МУИС-д суралцагч гадаад оюутнууд өөрийн улсын тухай ханын сонин, тараах материал болон үндэсний хоол амттаныг бэлтгэн оролцож багш оюутныг дайллаа. Өдөрлөгт оролцогч оюутнуудын дунд “Алаг мэлхий” асуулт хариултын тэмцээнийг явуулж түрүүлсэн оюутанд дурсгалын зүйл, оролцсон нийт оюутанд талархлын гэрчилгээг олгож урамшууллаа.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС