МУИС-ийн франц хэл, судлалын суралцагсдад зориулж, хөтөлбөрийн үр дүнд хүрэхэд нь дэмжлэг болгож, суралцахуйн дадал, ур чадвар олгох, франц хэлний мэдлэг чадварыг ахиулах зорилгын хүрээнд МУИС-ийн Европ судлалын тэнхим, Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төвөөс Франц улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн, Байгалийн түүхийн музейн захирал, хүрээлэн буй орчны олон улсын шинжээч Филипп Гранколасыг урьж “Хүрээлэн буй орчин, биологийн олон төрөл зүйлийн өөрчлөлт хувьсал” сэдэвт лекцийг 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 15.00 цагт МУИС-ийн Номын санд зохион байгууллаа.
Лекцэд МУИС-ийн франц хэл, орон судлалын оюутнууд оролцов. Эрдэмтэн франц хэлээр хүрээлэн буй орчин, экологийн тэнцвэрт байгаль, биологийн төрөл зүйл, түүний хувьсал өөрчлөлт, тэдгээр нь бидний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар шинжлэх ухааны онолд тулгуурласан судалгааны үр дүнг танилцуулж, өдөр тутам дэлхий дахин, хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлуудыг ярьж, оюутнуудын асуултад хариулж, чөлөөт яриа өрнүүлэв.
Жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдрийг хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Анх 1973 оноос эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах дэлхийн өдөр буюу Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэж ирсэн байдаг. Эрдэмтэн Филипп Гранколасыг БНФУ-ын Элчин сайдын Яам дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан урьсан байна.