МУИС-ийн захирал С.Төмөр-Очир энэ сарын 17-22-ны өдрүүдэд Тайваньд айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр Химийн салбарын Нобелийн шагналт доктор, профессор Yuan Tseh Lee-д Монголд ирж лекц уншихыг урьсан юм. Тэрээр урилгыг дуртайяа хүлээн авч 2012 оны 9-р сарын 11-15-ны өдрүүдэд МУИС-д айлчилж Химийн салбарын багш, оюутнууд болон сонирхогч олон нийтэд зориулан лекц уншихаар боллоо.
Мөн айлчлалын үеэр Тайваний Ордон музейн захирал Kung-shin Chou-тай уулзаж, тус музейд хадгалагдаж байгаа Монгол бичиг дээрх Монголын түүхтэй холбогдолтой баримт бичгүүдийг судалгаанд хэрэглэж эргэлтэнд оруулахаар тохиролцож, эхний ээлжинд МУИС-иас 2 хүнийг тодорхой хугацаагаар Ордон музейд ямар баримт материалууд хадгалагдаж байгааг тогтоолгох, судлах, мөн ямар баримт бичгүүдийг Монгол хэл рүү хөрвүүлж болох талаар судалгаа хийлгэхээр боллоо. Түүний дараа сонгосон баримтуудыг Англи, Орос, Хятад, Герман, Франц хэл рүү орчуулах төсөл хэрэгжүүлэхээр тохиролцов.
Тайваний Үндэсний Номын сангийн захирал Shu-hsien Tseng-тай уулзаж мөн тус номын санд байгаа баримт бичгүүдийг судлуулахаар номын сангийн зардлаар МУИС-ийн багш, профессоруудыг тодорхой хугацаагаар явуулахаар болсон юм. Мөн Тайваний Боловсролын дэд сайд Лин Цон Минтэй уулзаж 2 улсын хоорондын болон, МУИС, Тайваний их дээд сургуулиуд хоорондын боловсролын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Тайваний Үндэсний их сургууль, Мин Чуаны их сургуулийн захирлуудтай уулзаж, Тайваний Үндэсний сургуулийн захирлыг МУИС-ийн 70 жилийн ойн арга хэмжээнд оролцохыг урьсан бөгөөд урилгыг баяртайгаар хүлээн авч хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн юм.