Европын Холбооны санхүүжилттэй “ARROW” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төсөл 2018 оноос эхлэн амжилттай хэрэгжиж байгаа ба тус төсөл нь Монгол Улсын их дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.
Тус төслийн ерөнхий зохицуулагчаар Испанийн Лас Палмас Гран Канарын Их сургууль (ULPGC-University of Las Palmas Gran Canara), төслийн хамтрагч байгууллагаар Польшийн Щециний Их сургууль (University of Szczecin), Португалийн Порто Их сургууль (University of Porto) мөн Монголын 12 их дээд сургууль ((Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Цэцээ Гүн Менежментийн Дээд Сургууль, Хангай Дээд Сургууль) хамтран ажиллаж байна.
2019.07.01-04-ний өдрүүдэд тус төслийн явцын уулзалт МУИС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ уулзалтын хүрээнд “Хэрэглээний статистик” сургалтыг Порто их сургуулийн дэд профессор Оскар Антонио Лоро Фельгэриш зааж төслийн гишүүн их, дээд сургуулиудын нийт 63 багш, судлаач хамрагдлаа.
Мөн уулзалтын үеэр “Төслийн санхүүжилтийн боломж ба төсөл бичих арга зүй” семинарыг Порто их сургуулийн Судалгааг дэмжих албаны дарга Сониа Кристина Монтейро Перейра, Франциска Маргарида нар заасан ба төслийн гишүүн байгууллагын 36 судлаачид оролцлоо.
2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн төслийн явцын үйл ажиллагааг дүгнэж, сургалтад оролцсон судлаачдад сертификат гардуулах арга хэмжээ МУИС дээр амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд хүндэт зочноор МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын Тэргүүн, Элчин Сайд Ноён Траян Лауренцю Христеа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын төслийн менежер М.Бямбарагчаа нар оролцож төслийн үйл ажиллагаанд амжилт хүсч цаашид Европын холбоо болон Монгол улсын хоорондын боловсролын салбарын хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, олон талын судалгаа, шинжилгээний ажил, инновацийн салбарт хамтран ажиллах боломж улам бүр нээлттэй болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
“ARROW” төслийн хэрэгжилтийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан нийт судлаачдад сертификатыг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газрын Тэргүүн, Элчин Сайд Ноён Траян Лауренцю Христеа, Лас Палмас Гран Канарын Их сургуулийн профессор, төслийн удирдагч Доминго Верано Такоронтэ, профессор Иммакулада Галван Санчес, Валентина Грассо, Польшийн Щециний Их сургуулийн профессор Малгорзата Клаудиа Гузовска, Португалийн Порто Их сургуулийн Судалгааг дэмжих албаны дарга Сониа Кристина Монтейро Перейра, дэд профессор Оскар Антонио Лоро Фельгэриш, МУИС-ийн ХШУИС-ийн дэд профессор Б.Барсболд нар гардуулж төслийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.