МУИС-ийн Физик Электроникийн Сургууль, ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуулиудын хамтарсан NUMSAT, GAINT багууд Испани улсын Мадрид хотод болсон 3 дахь удаагийн Олон Улсын Кансатын тэмцээн буюу Бичил хиймэл дагуул хөөргөх олон улсын тэмцээнд 2012 оны 07 сарын 26-28-ны хооронд улсаа төлөөлөн оролцжээ. Европ тивд гурав дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмээнд манай баг Телеметри гэсэн ангилалд өрсөлдөн I болон III байрыг эзэлж “Gold Award”, “Bronze Award” цомын эзэд боллоо.
КАНСАТ (CANSAT) гэдэг нь Сan –лааз, Sat-satellite буюу хиймэл дагуул. Бага оврын лаазанд багтах хэмжээний хиймэл дагуул юм. Үүний мэдрэгчүүд нь байршил тодорхойлогч GPS, даралт, температур мэдрэгч, зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг бүхий л төхөөрөмж нь 350 грамм масстайгаар лаазанд багтахаар байна. Кансатаа агаарын бөмбөлөг эсвэл пуужин ашиглаж хөөргөх ба тодорхой өндөрт хүрээд шүхрээ задалж аажим бууж ирнэ. Буух явцдаа тодорхой даалгавар (зураг авч, мэдээлэл дамжуулах гэх мэт) гүйцэтгэнэ. Энэхүү мэдээлэл, дүрсээ ашиглан үнэлэлт, дүгнэлт гаргана. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг http://en.wikipedia.org/wiki/CanSat хаягаар үзэж болно.