“МУИС ПРЕСС ХЭВЛЭЛИЙН ГАЗАР” БАЙГУУЛАГДЛАА

Share Button

Дэлхийн улс үндэстний үндэсний их сургуулиуд, эрдэм номын их өргөө нь заавал өөрийн нэрийн хэвлэлийн газартай байдаг. Бид бүхний сайн мэдэх Oxford University Press, Cambridge University Press, Princeton University Press, зэрэг дэлхийд нэр алдартайгаас авахуулаад тив, бүс нутаг, улс орондоо нэр хүндтэй  хэвлэлийн газрууд олон байна. Харин бид өнгөрсөн жилээс орчин үеийн их сургуульд зайлшгүй байх шаардлагатай өнөө цагийн зах зээлийн менежмэнттэй, өөрийн брэндийн хэвлэлийн газар байгуулах тухай санал дэвшүүлж, хамт олноор хэлэлцүүлсний дүнд өнгөрсөн 5, 6 дугаар сард МУИС-ийн Захиралын зөвлөлөөр тусхайлан хэлэлцэж, шийдвэрлэсний үндсэн дээр 7 дугаар сарын 2 ноос МУИС-ийн Захиралын тушаалаар “МУИС Пресс” буюу “NUM Press” хэвлэлийн газрыг албан ёсоор байгуулсаныг МУИС-ийн хамт олон, эрдэмтэн багш, судлаачдад албан ёсоор зарлаж мэдэгдэж байна.

МУИС Пресс бол МУИС-ийн нэрийн өмнөөс хэвлэх хэвлэл ном бүтээлийн бодлогыг тодорхойлж, хэвлэлийн менежментийг хариуцах юм. МУИС Пресс өөрийн гэсэн лого, барааны тэмдэг, тогтсон нэртэй байх бөгөөд үүнийг МУИС-ийн профессор багш нар чөлөөтэй ашиглаж болно. Харин хэрхэн ашиглах нь тусгай журам дүрмийн дагуу хэрэгжих болно. Ялангуяа МУИС-ийн 70 жилийн ой  дөхөж буй энэ цаг мөчид ном бүтээлээ хэвлүүлж байгаа багш нарыг “МУИС Пресс хэвлэлийн газар”-ын лого, нэрийг ном бүтээлдээ ашиглахыг, МУИС Пресс хэвлэлийн газрын нэрээр бүтээлээ хэвлүүлэхийг зөвлөж байна. Учир нь өнөөгийн боловсролын үнэлгээнд тухайн бүтээлийг ямар хэвлэлийн газар хийснээр нь үнэлэх үнэлэмж эрс нэмэгдэж байгааг манай эрдэмтэн багш нар зөв ойлгож өөрийн бүтээлээ аливаа нэг хэвлэлийн газраар хэвлүүлж байхыг зөвлөж байна. Олон улсын стандартаар аливаа бүтээлийг нэг их сургууль юм уу сургууль, факультэт, эсвэл тэнхим хариуцдаггүй бөгөөд тодорхой нэр хүнд бүхий хэвлэлийн газраар дамжиж хэвлэгдэх тусмаа тухайн номын нэр хүнд үнэлэмж өсөж байдгийг манай судлаачид зөв ойлгож, цаашид ном бүтээлдээ анхаарч, хэрэглэж баймаар байна.

Өнөөгийн манай их сургуулийн профессор, багш нарын бүтээлийг ажиглавал ихэвчлэн өөрөө хэвлэх буюу self publishing гэдэг зарчимаар явж байгаа нь хэдийгээр мөнгө төгрөгний хувьд хэмнэлттэй, санхүү тооцоогоо өөрөө хянах бололцоотой боловч номын нэр хүндэд нөлөөлдөг гэдгийг ер ойлгохгүй байна. Үүнтэй холбоотой бас нэг асуудал бол бид хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр хоёрыг ялгаж салгаж ойлгохгүй байгаатай холбоотой юм. Тухайлбал, та бүхэнд ойлгуулах үүднээс жишээлэн үзвэл, “Адмон” компаний хэвлэх үйлдвэрт хэвлүүлсэн номоо “Адмон” хэвлэлийн газар хэвлүүлсэн учир нэр хүндтэй гэж боддог. Гэтэл “Адмон” бол хэвлэлийн газар биш хэвлэх үйлдвэр байх жишээтэй буруу ойлголт бидний дунд байгаа. Тийм учраас бид цаашид манай эрдэмтэд өөрөө хэвлүүлэх зарчмаар явж болох боловч “МУИС Пресс”-ийн лого, нэрийг ашиглаж, бүтээлдээ авч хэрэглэхийг та бүхэнд зөвлөж байна. Ингэснээр таны бүтээлийн гадаад болон дотоод дахь үнэлэмж, үнэлгээ нэмэгдэж, нэр хүнд улам сайжрах болно гэдийг ойлгуулах үүднээс үүнийг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл таны бүтээлийг эрхлэн хэвлүүлж байгаа хэвлэлийн газар бол “МУИС ПРЕСС” байх ёстой харин хэвлэх үйлдвэр бол хаана ч байж болох юм байна гэж ойлгож болно.

Монгол Улсад хэвлэгдэж байгаа ном хэвлэлийн томоохон хувийг манай МУИС-ийн багш нар, эрдэмтэн судлаачид бүтээж хийж байгаа бөгөөд цаашид Та бүхнийг хэвлэлийн бодлого, шинэ ном бүтээл, санал санаачлага,  нийгмийн оюун санаанд нөлөөлөх, нийгмийг улам нээлттэй, ардчилалтай болгон өөрчлөх чиглэлээр манай хэвлэлийн газартай нягт хамтран ажиллаж их бүтээл хийнэ гэдэгт итгэж байна.

“МУИС Пресс” Хэвлэлийн газрын гүйцэтгэх захирал,

д-р Ж.Бат-Ирээдүй, Утас 77307730-2509,  99105206

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар