Азийн философийн Холбооны “Ази дахь нийгмийн хөгжлийн шинэ парадигм: Уламжлал ба орчин цагийн зохицол” ICAPA 2012-Монгол олон улсын хурал 2012 оны 8 дугаар сарын 29-31 –ний хооронд болж байна. Энэхүү хурлыг МУИС-ийн 70 жилийн ойд зориулан Азийн Философийн Холбоо, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургууль, Философийн тэнхим хамтран зохион байгуулж байна.
Тус хуралд Азийн олон улс орны 38 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 80 эрдэмтэн судлаачид оролцож, нийт 20 салбар хуралдаанд өөрсдийн илтгэлийг хэлэлцүүлж байна.
МУИС-ийн зохион байгуулж буй ач холбогдол, цар хүрээний хувьд томоохонд тооцогдох энэхүү хуралд Монгол, Турк, БНСУ, Япон, Энэтхэг, Казахстан, Азербайжан зэрэг улс орны эрдэмтэн, судлаачид оролцож байгаа бөгөөд орчин үеийн Азийн улс орнууд дахь нийгмийн хөгжлийн үзэл баримтлалын талаар санал бодлоо солилцож, хоёр өдөр хуралдах юм. Хурлын үр дүнд бид өнөөдөр их эрсдэлтэй бөгөөд зохицолгүй нийгэмд аж төрж байгаа талаар олон талаас шүүн хэлэлцэж, оюун санаа сэтгэл зүйн хувьд эрүүл, зохиролт нийгмийн хөгжлийн шинэ парадигм, үзэл номлолыг тодорхойлох юм. Мөн хүний хөгжил, хүний сайн сайхан, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй нийгмийн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулах, асуудлыг уламжлал, орчин цагийн зохицлын үүднээс философичид, нийгэм судлаачид тайлбарлах юм.
Азийн улс орнуудын хувьд зан суртахуунлаг иргэний нийгмийн хөгжлийн бодлогыг боловсруулахад энэ хурал ихээхэн ач холбогдолтой байх юм. Энэ зуун бол Азийн зуун бөгөөд энэ бүс нутгийн хөгжлөөс дэлхий ертөнцийн хөгжил, ирээдүй ч ихээхэн хамааралтай болж байгаа билээ.
Тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Монгол улсаас анх удаа МУИС-ийн профессор О.Мөнхбат 2011 оноос сонгогдон ажиллаж байна.