2012 оны 9 дүээр сарын 21 нд Монгол орны баруун хязгаар, олон ястны өлгий нутаг эртний түүхтэй Ховд аймагт МУИС-ийн төгсөгчдийн холбооны салбар зөвлөлийн гал дахин сэргэн бадарлаа.
Тус холбооны хурал Ховд их сургуулийн байранд болж, МУИС-ийн МКС-ийн захирал Алтангэрэл МУИС-ийн өнөөгийн байдал, 70 жилийн ойн бэлтгэл ажил, МУИС-ийн Төгсөгчдийн холбооны салбар зөвлөл байгуулах зорилтоо тайлбарлаж, төгсөгчддөө МУИС-ийн 70 жилийн дурсгалын бэлэг гардуулав.
Тус үйл ажиллагаанд ФЭС-ийн профессор, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, багш О.Лхагва, НШУС-ийн багш, д-р, проф. И.Саруул, МСХ-гийн гүйцэтгэх захирал, д-р Ж.Бат-Ирээдүй нар оролцож үг хэлж, өөрсдийн чиглэлийн ажил төрлөө танилцуулж, Ховд Их Сургууль, болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солиоцсоны зэрэгцээ Ховд аймагт ажиллаж амьдардаг МУИС-ийг төгсөгчидийн төлөөлөл болох Б.Алтангэрэл, Б.Бүрнээхүү, Баасанжаргал, М.Сосорбарам, Б.Цэрэнжав, Ц.Бямбадорж, Ж.Ганцоож, Ц.Нямцэцэг, Ж.Эрдэнэсувд, Ч.Багдал, Д.Ган-Очир, Ц.Цог-Очир, Л.Жанцансамбуу, Н.Энхтөр, Ц.Цэрэнгомбо, Ж.Ванчинхүү нарын зэрэг 30 гаруй хүн оролцож, тус холбоог албан ёсоор байгуулж холбооны салбар зөвлөлийн тэргүүнээр Ховд аймгийн Тамгын газрын ажилтан Д.Ган-Очирыг санал нэгтэй сонголоо.
Тус аймаг 1931 онд байгуулагдсан засаг захиргааны 17 сум, 91 багт 80 гаруй мянган хүн амьдардагаас 31.1% нь аймгийн төв амьдардаг байна. Ховд аймагт нийт их дээд сургууль төгсөгчдөөс 600 орчим нь МУИС-ийг төгссөн төгсөгчид байдаг бөгөөд аймаг, сумын төвд төрөл бүрийн ажил хийдгээс голдуу багшийн ажил хийж байна гэж холбооны тэргүүн асан Д.Ширэндэв ярьж байна.
Төгсөгчдөөс ахмад төгсөгч Б.Цэрэнжав, Д.Ширэндэв, Ч.Багдал, Ж.Ванчинхүү, Ц.Цэрэнгомбо, Ч.Лхагвасүрэн нар сэтгэлийн үгээ хэлж, 70 жилийн ойд баяр хүргэж, МУИС-ийн төгсөгчдийн холбоог байгуулж байгааг сайшаан дэмжиж, 70 жилийн ойг тохиолдуулан өөрсдийн сэтгэлийн хандиваа өргөхөө амаллаа.
МКС-ийн захирал Алтангэрэл тус холбооны салбар зөвлөлийн тэргүүнээр сонгогдсон Д.Ган-Очирт баяр хүргэж, МУИС-ийн 70 жилийн ойд оролцох урилга гардуулав. Ийнхүү МУИС-ийн 70 жилийн ойн өмнө МУИС Төгсөгчдийн Холбооны салбар зөвлөл аймагт бүрт байгуулагдаж, МУИС-ийн удирдлага, багш, профессорууд оролцож байгаа нь МУИС-ийн төгсөгчдийн хамтын үйл ажиллагааг бэхжүүлэх, идэвхижүүлэх бас нэгэн чухал ажил болж байна.
Ж.Бат-Ирээдүй (МСХ)