Монгол Улсын мөнхийн хөрш БНХАУ-д халдвараар нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ, халуун цэгт байгаа иргэд, халдварыг зогсоож, бусад иргэдийг урьдчилан сэргийлэхийн төлөө амь хайргүй тэмцэж буй эмч, сувилагч, судлаач, ажилчдын төлөө тусламжийн хандив өргөж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хандивын аяныг зохион байгуулах санаачилгыг МУИС-ийн ШУС-ийн Ази судлалын тэнхимээс гаргасныг МУИС-ийн Захиргаа дэмжин нийт багш, ажилтнуудын дунд хандивын аяныг өрнүүлсэн юм.
Уг бичигт ” Дэлхийн нийтийг түгшээж буй шинэ төрлийн коронавирус (COVID-19)-ийн тархалтын уршгаар олон хүн алтан амиа алдаж, сэтгэл санаа, эдийн засгийн үлэмж хохирол амссан найрсаг мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмний зовлон бэрхшээлийг МУИС-ийн хамт олон хуваалцаж байна. Гэнэтийн гамшгийн эсрэг шуурхай цогц арга хэмжээ авч, өөрийн орны төдийгүй дэлхийн иргэдийг халдвараас сэргийлэхэд үлэмж хувь нэмрээ оруулж байгаад гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Их Сургууль нь БНХАУ-тай соёл, боловсрол, эрдэм шинжилгээний чиглэлээр олон жилийн турш тууштай хамтарч ирсэн байгууллагын хувьд мөнхийн хөрш БНХАУ-ын ард түмэнтэй сэтгэл санаагаар хамт байгаагаа илэрхийлэхийн ялдамд манай байгууллагын багш, ажилтан, ажилчдын сэтгэлийн өргөл 20 сая төгрөгийн хандивыг дэвшүүлэн барья” гэж бичив.
Өнөөдөр /2020.03.18/ МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал М.Чимэдцэеэ, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Ш.Эгшиг нар нийт багш, ажилтнуудын хандив болох 20 сая төгрөгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруйд хүлээлгэн өглөө.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “БНХАУ төдийгүй дэлхий нийтэд коронавирусээр үүсгэгддэг хүнд хэцүү өвчлөл тархсан ч БНХАУ тархалтыг хумьж, дэлхий нийтэд энэ өвчинтэй хэрхэн тэмцэх тухай туршлагаа хуваалцаж, бодит тусламж үзүүлж байгаад талархаж байна. Манай багш, ажилтнууд чин сэтгэлийн хандив цуглуулан та бүхэнд өнөөдөр хүлээлгэн өгч байна. Бид хандивын аяныг 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл зохион байгуулсан. Эрхэм элчин сайд та Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан эх орон руугаа явж, энд ирээд 14 хоног тусгаарлагдсан тул хүлээлгэн өгөх хугацаа хойшиллоо. МУИС болон БНХАУ-ын Элчин сайдын яам нь хөрш байгууллагууд юм. Монголчууд айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг гэж ярилцдаг. Түүнчлэн ядарсан цагт нөхрийн чанар танигдана гэсэн үг бий” гэлээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Цай Вэньруй “Та бүхэнд их баярлалаа. Намайг 30 жилийн өмнө тосон авч сургасан МУИС-ийн багш нартаа талархаж байна. Би хоёр улсын найрамдалт харилцааг хөгжүүлэхийн төлөө ажиллана. Боловсролын салбарын хамтын ажиллагаа, ялангуяа МУИС болон БНХАУ-ын их, дээд сургуультай харилцах харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Төгссөн сургуулийнхаа ачийг хариулна гэж бодож байна. Хамтын ажиллагааны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно” гээд нийт МУИС-ийн багш, ажилтнуудад талархал дэвшүүлсэн юм.