2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа. Энэ хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.
Харин сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр үргэлжлүүлэх нарийвчилсан зохицуулалтын талаар Засгийн газар болон БСШУСЯ-ны шийдвэр хараахан гараагүй байна.
2020 оны 3 дугаар сарын 23-ны Даваа гарагт МУИС-ийн удирдлагууд сургуулийнхаа оюутны байгууллагын удирдлагын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь албан ёсоор сонсохоор төлөвлөж байна. Түүнчлэн мөн өдөр төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагууд уулзаж их дээд сургуулиудын оюутан, багш, ажилтны асуудал, цахим сургалт, санхүүгийн бэрхшээл, төгсөлт, элсэлтийн талаар зөвлөлдөж, саналаа нэгтгэн БСШУСЯ-нд хүргүүлэхээр ажиллаж байгаа болно.
2020 оны 3 дугаар сарын 24-ний Мягмар гарагт МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар оюутнуудын санал хүсэлт болон бусад шийдвэр, зөвшилцлийг үндэслэн цаашид цахим сургалтыг хэрхэн зохион байгуулах болон бусад асуудлаар холбогдох шийдвэр гаргахаар төлөвлөж байна.
МУИС-ийн Захиргаа