“SIRPA NEWS” оюутны сэтгүүлийн шинэ дугаарын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа

Share Button

Дэлхийн олон орны их дээд сургууль өөрийн гэсэн оюутны тогтмол хэвлэлтэй байдаг жишгийг нэвтрүүлэх Д.Оюунсүрэн багшийн санаачилгыг МУИС-ийн ОУХНУС-ийн захиргаа дэмжсэнээр SIRPA NEWS” сэтгүүлийн анхны дугаар тус сургуулийн 25 жилийн ой тохиосон 2016-2017 оны хичээлийн жилд уншигчдын гарт очиж байсан билээ. Тус сэтгүүл нь ОУХНУС-ийн оюутнуудын оролцоо, сэтгэл зүтгэл, оюун ухааны үр шимээр бүтдэг, тус сургуулийн түүхэн дэх анхны өнгөт, тогтмол сэтгүүл гэдгээрээ онцлог юм.

“SIRPA NEWS” оюутны сэтгүүлийн No3, No.4 дугаарууд оны өмнө хэвлэгдэн гарсан боловч Ковид-19 цар тахлын улмаас тогтоосон хөл хорио удаа дараа сунгагдаж, уншигч та бүхэндээ биечлэн танилцуулах боломжгүй болсон билээ.  Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан сэтгүүлийн шинэ дугаарын энэ удаагийн нээлтийн ажиллагааг 2020 оны 4-р сарын 20-ны өдөр ZOOM платформыг ашиглан цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Нээлтийн  ажиллагаанд МУИС-ийн ОУХНУС-ийн захирал Др.С.Баттулга, Олон улсын харилцааны тэнхимийн эрхлэгч Др.Ж.Баттогтох, сэтгүүлийн санаачлагч бөгөөд ерөнхий редактор Д.Оюунсүрэн нар мэндчилгээ дэвшүүлж, Редакцын зөвлөлийн гишүүд Б.Ангирмаа, Э.Солонго, Б.Уянга нар сэтгүүлийн талаарх танилцуулга хийж, оюутнуудын сонирхсон асуултад хариулав.

Сэтгүүлийн шинэ дугаарууд загвар дизайны хувьд шинэчлэгдэн, шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн бөгөөд тус сургуулийн оюутнуудын гадаадын элчин сайд нар, ахмад дипломатуудтай хийсэн сонирхолтой ярилцлага, олон улсын харилцааны сэдвээр бичсэн нийтлэл, эргэцүүлэл зэргийг  багтааснаас гадна “Work and Travel” болон АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг UGRAD хөтөлбөрт хамрагдсан оюутнууд туршлагаа хуваалцжээ.

Та бүхэн сэтгүүлийн шинэ дугааруудыг МУИС-ийн Номын сан болон ОУХНУС-ийн Бие даах төвөөс авч уншиж болохоос гадна http://sirpa.num.edu.mn/web2/?page_id=80183  холбоосоор танилцах боломжтой.

Сэтгүүлтэй холбоотой аливаа санал шүүмжээ oyunsuren@num.edu.mn хаягаар ирүүлэхийг хүсье.