Азийн их сургуулиудын форумд цахимаар оролцлоо

Share Button

Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэг Сөүлийн үндэсний их сургуулийн санаачилсан, жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Азийн их сургуулиудын форум (Asian Universities Forum) энэ жил хорио цээрийн онцгой дэглэмийн үед цахимаар болж өндөрлөлөө. Азийн их сургуулиудын форумд Азийн 15 орны 25 их сургууль нэгдэн орсон бөгөөд 2020 оны Сөүлийн үндэсний их сургууль, Индонезийн Гаджа Мада их сургуулиийн хамтран зохион байгуулсан цахим хуралд 18 их сургуулийн захирал, дэд захирал, гадаад харилцааны нэгжийн дарга нарын нийт 47 төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн хурал нь COVID-19 цар тахлын үед болсонтой холбогдуулан:

  • COVID-19 цар тахлын үеийн тулгамдаж буй сорилтууд, тахлын дараах үеийн үйл ажиллагаа
  • Цар тахлын үеийн их, дээд сургуулиудын түншлэл, түүнийг хөгжүүлэх нь гэсэн 2 үндсэн сэдвийн хүрээнд болсон юм.

Тус хурлын үеэр Сөүлийн үндэсний их сургуулийн захирал О Сэ Жүн болон Индонезийн Гаджа Мада их сургуулийн захирал Панут Мулёоно нар “COVID-19 цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм нь их, дээд сургуулиудын сургалт, судалгааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, шинэ сорилтууд тулгарах болсонтой холбогдуулан Азийн их, дээд сургуулиуд цар тахлын үеийн хүнд үеийг хамтдаа давах хэрэгтэй” хэмээн онцолж байв.

Тус хуралд МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын хэлтсийн дарга Н.Пүрэвцогт, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч С.Отгонцэцэг нар оролцлоо.

2017 онд тус форумыг “Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын эрин дэх дээд боловсрол” сэдвийн хүрээнд МУИС, Сөүлийн Үндэсний их сургуультай хамтран Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж байсан юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС