Хайж байна...

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн төлөөлөгчид МУИС-д айлчилж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцлээ

Share Button

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн төлөөлөгчид Монгол Улсын Их Сургуульд айлчилж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, багш, оюутны солилцоог нэмэгдүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх болон Күнзийн институтийн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Уулзалтад Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга Си Чин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бөгөөд МУИС-ийн талаас МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Газарзүйн тэнхимийн эрхлэгч Г.Бямбахүү, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Т.Эрдэнэ-Очир, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр нар болон төгсөгчдийн холбоог төлөөлөн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн дэд профессор М.Жавхлан нар оролцов.

Уулзалтын үеэр МУИС болон Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн олон жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид шинэ агуулгаар баяжуулах, харилцан айлчлал, багш, оюутны солилцоог өргөжүүлэх талаар санал солилцсон юм.

Тухайлбал, газарзүйн шинжлэх ухааны чиглэлээр Монголын уулархаг нутгийн байгалийн нөөц, хүрээлэн буй орчны судалгааны чиглэлд хамтарсан судалгааны платформ болон мэдээлэл, өгөгдлийн төв байгуулах, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, олон улсын болон улсын хэмжээний судалгааны төсөлд хамтран оролцох боломжийн талаар хэлэлцэв. Мөн багш, судлаачдын солилцоог нэмэгдүүлэх, оюутнуудыг хамтран бэлтгэх, залуу эрдэмтдийн форум зохион байгуулах, оюутны хээрийн дадлагыг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал нэгдлээ.

Математикийн шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан судалгааны баг байгуулах, шинжлэх ухаан, судалгааны төсөлд хамтран оролцох, магистр, докторын түвшний оюутнуудыг хамтран бэлтгэх асуудлыг хэлэлцсэн байна.

Монгол судлалын чиглэлээр бакалаврын түвшний оюутны солилцоо, хамтарсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх, орчуулгын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн дадлагаар хангах боломжийн талаар санал солилцов.

Мөн талууд Күнзийн институтийн үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх, сургалтын орчин, салбар сургалтын танхимуудын үйл ажиллагааг дэмжих, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах, олон улсын хятад хэлний боловсролын чиглэлээр мэргэжил, хөтөлбөрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.

Түүнчлэн МУИС-ийн Күнзийн институтэд орчуулгын мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг дадлагажуулах, туслах ажилтнаар ажиллуулах замаар мэргэжлийн ур чадвар, практик туршлагыг нэмэгдүүлэх боломжийг судлахаар болов.

Уулзалтын төгсгөлд хоёр тал боловсрол, шинжлэх ухаан, судалгаа, хүний нөөцийн хөгжил, оюутны солилцоо болон Күнзийн институтийн үйл ажиллагааны хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцан ашигтай, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Өвөр Монголын Багшийн Их Сургууль болон Монгол Улсын Их Сургууль нь олон жилийн найрсаг харилцаанд тулгуурлан боловсрол, шинжлэх ухаан, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын багш, судлаач, оюутнуудад зориулсан шинэ боломжуудыг бий болгоход анхааран ажиллаж байна.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар