Эл Жи интернэйшнл корпораци нь Бүгд Найрамдах Солонгос улсын эдийн засгийн хөгжилд тэргүүлэх байр суурь эзэлдэг томоохон компаниудын нэг билээ. Импорт, экспорт, техник технологийн дамжуулалт зэрэг үйл ажиллагаагаараа өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн олон орны үйлчлүүлэгчдэд хүргэдэг юм. Удаан хугацааны турш газрын нөөц баялагийг ашиглах зорилгоор Эл Жи интернэйшнл корпораци нь нүүрс, зэс, алт гэх мэт газрын баялаг олборлох төсөлд гадаадын олон улс оронд оролцож байгаа. Эл Жи интернэйшнл корпораци Зориг сантай хамтран дээд боловсролыг дэмжих зорилгоор 2012-2013 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлэхээр зарлаж байна.
Хөтөлбөрт Улаанбаатар хотод байрлах МУИС, ШУТИС болон СЭЗДС-ийн бакалаврын өдрийн ангийн 2 ба түүнээс дээш дамжаанд 3.5-аас дээш голч дүнтэй суралцаж буй санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэлтэй байгаа оюутнууд оролцох боломжтой.
Шалгарсан 9 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөс гадна шилдэг гурван оюутанд сар бүр 100 ам.долларын тэтгэлэг олгоно.
Бүрдүүлэх материал:
- Товч анкет (маягтыг эндээс татаж авна уу)
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал
- Цээж зураг 1%
- Суралцсан хугацааны албан ёсны тамга гарын үсэг бүхий дүн
- Сургуулийн тодорхойлолт
- Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргын тодорхойлолт болон эцэг, эх, гэр бүлийн гишүүдийн цалингийн тодорхойлолт)
- Одоо суралцаж буй мэргэжлээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.
Эхний шатны шалгаруулалтыг бүрдүүлсэн материалыг үндэслэн явуулна. Зөвхөн шалгарсан оюутнуудыг ганцаарчилсан ярилцлаганд урих бөгөөд эцсийн дүн ярилцлагын үр дүнгээр гарна. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд шаардлагатай материалыг 2012 оны 11-р сарын 9-ний 17 цагийн дотор бүрдүүлэн Зориг санд (Гадаад хэргийн яамны зүүн талд Зориг сангийн байр) биечлэн авчирч өгөх буюу Төв шуудан, ш/х 357, Улаанбаатар хот 14210 шуудангийн хаягаар явуулна уу.