МУИС төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-аа амжилттай өгөхөд нь үнэ төлбөргүй ТУСАЛНА

Share Button

Төгсөх ангийн сурагчид амьдралд хөл тавих чухал үедээ бэлтгээд тун ч завгүй. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, өөрийн хүссэн чиглэлийн мэргэжлээрээ суралцах нь тэдний хувьд хамгийн том зорилго нь. 2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-д нийт 712353 хүүхэд суралцаж байгаагаас 102525 нь ахлах ангид суралцаж байна. Гэвч ковид19 цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнээс сурагчдын дунд хичээлийн хоцрогдолт их байгааг салбар яамнаас мэдээлсэн. Ингэхдээ цахим сургалтын чанар, хамралт, техник хэрэгслийн хүртээмжгүй байдал зэргээс үүдэлтэйгээр ялангуяа ахлах ангийн сурагчдын дунд хичээлийн хоцрогдолт нь ЭЕШ өгөхөд нэлээдгүй бэрхшээлийг дагуулж буй юм.

Тэгвэл МУИС нийгмийн хариуцлагын хүрээнд төгсөх ангийн сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, ЭЕШ-ээ амжилттай өгөхөд нь өөрсдийн мэргэжлийн багш боловсон хүчин болон элсэн суралцаж буй оюутан залуусын хүчийг дайчлахаар бэлдээд байна. Энэ бол “Мэдлэгээ хуваалцъя” төсөл.

Төслийн хүрээнд МУИС өөрийн холбогдох хөтөлбөрийн оюутнууд, багш нарын хүчээр ЭЕШ-ийн хичээлүүдээр хоцрогдолт арилгах нэмэлт хичээлийг төгсөх ангийн сурагчдад үнэ төлбөргүй зохион байгуулах гэж буй юм.

-ЭЕШ-аар 800 оноо авч МУИС-д элссэн оюутнууд мэргэжлийн багш нарын удирдлага дор хичээл заана-

 

“Мэдлэгээ хуваалцъя” төслийн талаар МУИС-ийн Профессор, МУИС-ийн Нийгмийн судалгааны Хүрээлэнгийн захирал О.Мөнхбатаас тодрууллаа.

-“Мэдлэгээ хуваалцъя” төслийн талаар мэдээллийг өгөхгүй юу. Төслийн ач холбогдлыг та хэрхэн харж байна?

-Ковид 19 цар тахал хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт хүндрэлийг бий болголоо. Цар тахлын үед нийт хичээлийн бараг 70 орчим хувьд нь цахимаар хичээллэсэн байна. Цахим хичээлүүдэд тодорхой хэмжээнд давуу талууд бий. Гэвч нөгөөтээгүүр оюутан, сурагчдад хичээлийн хоцрогдолтыг бодитоор бий болгосон. Үүнийг даван туулахын тулд салбар яамны зүгээс шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа. Гэхдээ тодорхой хугацаанд хүн хүч, хөрөнгө мөнгөний хувьд ч хүндрэлүүд байгаа учраас ялангуяа төгсөн ангийн сурагчид ЭЕШ өгөхөд бэрхшээлүүдтэй учирч байна. Энэ жил Монгол Улсад дээд боловсрол үүсэн хөгжсөний 80 жил, МУИС-ийн 80 жилийн ой тохиож буй. Үүний хүрээнд төгсөн ангийн сурагчдын хоцрогдолтыг арилгахад өөрийн эрдэмтэн багш нар, оюутан залуусынхаа хүчийг дайчлах ёстой гэх зарчмыг баримталж ажиллаж байгаа. Монгол Улсын тэргүүлэх их сургуулийн хувьд манайд элсэлтийн шалгалтад 800 оноо авч, элсэн суралцаж буй оюутнууд их бий. Сүүлийн хоёр жилд л гэхэд элсэлтийн шалгалтад 800 оноо авч элссэн 100 гаруй оюутан байна. Тухайн оюутнууд маань өөр өөрийн чиглэлээр ЭЕШ-ын арван чиглэлд хичээл заах юм.

Төслийн гол зорилго нь эдгээр шилдэг оюутнуудын мэдлэг, хүчийг дайчилж төгсөх ангийн дүү нартаа ЭЕШ-д бэлтгэхэд нь зориулсан нэмэлт хичээлүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн. Эдгээр оюутнууд маань МУИС-ийн мэргэшсэн профессор, докторуудын тусламжтайгаар заах арга зүй болон тухайн хичээлийн агуулгыг эзэмших тал дээр чадавхжуулах сургалтад хамрагдсанаар сургагч оюутан болно. Ингэснээр сургагч оюутан төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-ын 10 хичээлээр нэмэлт хичээл заана.

Нэмэлт хичээл орох цаг хугацааны хувьд ямар зохицуулалт хийж байгаа вэ. Сурагчдын хичээл үргэлжилж байгаа учраас цагийн уян хатан зохицуулалт сурагчдад хэрэгтэй байх?

-Хичээлийг арван 14 долоо хоног үргэлжилэхээр төлөвлөж байна. Нэмэлт хичээл дөрөвдүгээр сарын 23-наас эхэлнэ. Ингэхдээ сурагчдын хичээлийн цаг завтай уялдуулан долоо хоног бүрийн амралтын өдрөөр хичээллэх зохицуулалтыг хийсэн.

-Хэчнээн сурагчийг хамруулахаар төлөвлөсөн бэ?

-Нийт 1800 орчим 12 дугаар ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөөд байгаа. Эхний удаад нийслэлийн сурагчдад сургалтыг хүргэнэ. Цаашид улсын хэмжээнд зохион байгуулах зорилтыг ч тавина. Нэмэлт хичээлд хамрагдах сурагчид маань ямарваа нэгэн төлбөр төлөхгүй.

-Тэгэхээр нэмэлт хичээлийг өндөр оноо авч, МУИС-д элссэн оюутнууд заана гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ. Ер нь оюутан, оюутандаа хичээл заах нь маш үр дүнтэй гэж үздэг. Энэ хүүхдүүд бол өчигдрийн сурагчид. Дүү нартайгаа адил элсэлтийн шалгалтад бэлдэж байсны хувьд өөрт нь ямар хүндрэл тулгардаг, юу чухал болохыг маш сайн мэдэж байгаа учраас сургагч оюутнуудаар сурагчдад хичээл заалгах нь үр дүнтэй хэмээн харж байгаа.

-Хичээлийн хөтөлбөрийг боловсруулах тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

Элсэлтийн шалгалтыг арван чиглэлээр мэргэшсэн тэнхмийн багш нар хичээлийн товч хөтөлбөрийн боловсруулж байгаа. Боловсруулсан хөтөлбөрийн хүрээнд сургагч оюутнуудаа чадавхжуулах сургалтад хамруулж буй юм. Түүнчлэн эдгээр арван чиглэлээр цахим контентийг бэлдэж байгаа. Цахим контентийг сурагчдын мэдлэгийг баталгаажуулах, сургагч оюутнуудын хичээлээ заахад илүү баталгаатай болгохын тулд ашиглана.

-БҮТ-тэй хэрхэн уялдаатай ажиллаж байна?

– БҮТ-тэй нягт хамтран ажиллаж байгаа. Бид үндсэн хичээлийг нөхөх гээгүй. Сурагчид ямар хичээлийн агуулгаар хоцрогдолтой байна вэ, юуг илүү их алддаг вэ гэх мэтийг тодруулсны үндсэн дээр тухайн эрэлт хэрэгцээнд сургалтаа чиглүүлэх юм. Энэ чиглэлээр БҮТ дэмжлэг үзүүлж байгаа. Сүүлийн арван жилийн агуулгыг харж сурагчид аль сэдэв, даалгавар дээр түлхүү алдаж, оноо бага авч байна гэдгийг судалж хичээлийнхээ хөтөлбөрийг бэлтгэнэ гэсэн үг.

-Тэгэхээр МУИС-ийн мэргэшсэн чиглэлээр багш нар хичээлүүдэд басхүү сургагч багш нартаа тодорхой хяналтуудыг тавиад явна гэж ойлгох болох уу?

-Тэгнэ. Хичээлийн хөтөлбөрийг мэргэжлийн багш нар боловсруулж байгаа. Тэгэхээр сургалтад шаардах бүхий л шаардлагыг хангасан гол нь үр дүнд түшиглэсэн сургалт болно.

-Бүртгэлийн тухайд?

-Сурагчдыг цахимаар бүртгэж байгаа. Ингэхдээ сурагчид маань ямар хичээлээр нэмэлт хичээл авах вэ гэдгээ сонгоод явж байгаа.

Одоогийн байдлаар хэчнээн сургагч оюутныг бэлтгэсэн байна вэ. Нөгөөтээгүүр оюутнууд маань өөрсдөө төгсөгч дүү нартаа хичээл заах тал дээр ямархуу байр суурьтай байна вэ?

-Одоогийн байдлаар 52 сурагчийг сургагч багшаар бэлтгээд байна. Сургагч оюутнууд бол хичээл заах тал дээр маш өндөр сэтгэгдэлтэй байгаа. Энэ нь хэд хэдэн зүйлээс шалтгаалж буй юм. Тухайлбал, оюутан залуусын дунд явуулсан судалгааны дүнгээс харахад нийт оюутнуудын 80 гаруй хувь нь хичээлд сурахынхаа хажуугаар их сургуулийнхаа орчинд мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн цагийн ажил эрхлэхийг хүссэн байдаг. Үүнээс харахад нэг талаасаа сурагчдын хоцрогдлоо арилгах эрэлт хэрэгцээ байна. Нөгөө талаас тодорхой хэмжээнд орлогоо нэмэгдүүлэхийн сацуу мэдлэг ур чадвараа бататгах оюутнуудын хүсэл эрмэлзэл бий. Тэгэхээр энэхүү сургалт нь сурагчдын хувьд үнэ төлбөргүй, харин оюутнуудын хувьд өөрсдийн орлогыг бий болгох боломж бүрдэж буй хэрэг юм.

-Сурагчдад үнэ төлбөргүй, сургагч оюутнуудад сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлнэ-

Төслийн хүрээнд дан ганц төгсөгчид мэдлэгээ бататгах, ЭЕШ-д бэлдэх шаардлагаа хангаж чадахаас гадна сургагч оюутнуудад ч ач холбогдол өндөртэй болох юм. “МУИС-ийн орчинд оюутны цагийн хөдөлмөр эрхлэх боломж, эрэлт хэрэгцээний өнөөгийн байдал” судалгааны дүнгээс харахад судалгаанд хамрагдсан нийт оюутны 84.6 хувь нь цагийн хөдөлмөр эрхлэх сонирхолтой гэж хариулсан байдаг. Тэгвэл оюутнууд их сургуулийн орчинд өөрийн мэргэшиж буй үндсэн чиглэлийн хүрээнд ур чадвараа дээшлүүлэх, нэмэгдүүлэхийн сацуу МУИС-ийн зүгээс тодорхой дэмжлэг, тэтгэлгийг авах аж.

ЭЕШ-д 800 оноо авч МУИС-д элссэн сургагч оюутан: Сургалт үнэ төлбөргүй тул дүү нарт маань маш их боломж бүрдэж байна

Төгсөх ангийн сурагчдад нэмэлт хичээлийг заахаар бэлтгэгдсэн сургагч оюутнуудын төлөөлөл болгож МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн I курсийн оюутан О.Мөнхшүртэй ярилцлаа.

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг О.Мөнхшүр гэдэг. Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат. МУИС-ийн Нийгмийн ухааны салбар сургуулийн нэгдүгээр түвшний оюутан.

-“Мэдлэгээ хуваалцъя” төслийн хүрээнд төгсөгчдөд ямар чиглэлээр нэмэлт хичээл заахаар болсон бэ. Төслийн талаар өөрийн байр сууриа хуваалцахгүй юу. Бас ЭЕШ-д өндөр оноо авч элссэн оюутнууд сургагч багшаар бэлтгэгдэж, чадавхжуулах сургалтад хамрагдаж байгааг албаныхан хэлсэн. Өөрийн тань хувьд ЭЕШ-д ямар үнэлгээтэй шалгуулсан бэ?

-Миний хувьд нийгмийн тухай мэдлэг хичээлээр ЭЕШ-д 800 оноотой шалгуулсан. Төслийн хүрээнд нийгмийн ухааны хичээлээр нэмэлт хичээл заахаар болсон. Төслийн хувьд хамгийн гол нь үнэ төлбөргүй учраас сурагчдад маань маш их боломжтой гэж харж байгаа.

-Чадавхжуулах сургалтын хүрээнд оюутнууд маань өөрсдөө юунд суралцаж байна?

-Сургалт эхэлснээс хойш өөрийнхөө мэдэхгүй зүйлийг мэдэж авах, бусадтай хэрхэн харилцаж хичээлээ заах тал дээр илүү ойлголт мэдээлэлтэй болж байгаа.

-Төгсөх ангийн дүү нартаа хандаж юу хэлэх вэ?

-Манай нэмэлт хичээлүүд дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн амралтын өдөр бүр МУИС-ийн байранд болно. Тиймээс төгсөх ангийн дүү нарыгаа энэхүү сургалтад идэвхтэй хамрагдаарай гэж хэлмээр байна.

Эх сурвалж: www.ubn.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар