МУИС Москвагийн хэл шинжлэлийн улсын их сургуультай хамтран ажиллана

Share Button

МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөний зорилтуудад чиглэсэн гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх болон Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-ын төрийн өмчит Москвагийн хэл шинжлэлийн улсын их сургуультай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг, оюутан солилцох гэрээ шинээр байгууллаа.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш, судлаач, судалгааны мэдээ, материал солилцох, хамтарсан хурал, семинар, сургалт зохион байгуулах, хамтарсан судалгааг дэмжиж хөгжүүлэх боломжтой болж байна. Мөн оюутан солилцооны гэрээний дагуу улирал бүр 5 хүртэлх оюутан сургалтын төлбөр, оюутны байрны төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгээр солилцооны хөтөлбөрт хамрагдахаар боллоо.

Москвагийн хэл шинжлэлийн улсын их сургууль нь 1804 онд байгуулагдсан, ОХУ-ын нийслэл Москва хотод байрладаг төрийн өмчит дээд боловсролын байгууллага юм. Тус сургууль нь харьяа 9 бүрэлдэхүүн сургуультай бөгөөд тэдгээрт нийт 10000 гаруй оюутан нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрүүдэд суралцдаг байна. Тус сургуульд 36 гадаад хэл заадаг бөгөөд үүн дээр нэмээд Монгол хэлний анги, тэнхим шинээр нээж байгаа юм. Мөн МУИС болон тус сургууль нь Торгоны замын их сургуулиудын холбооны (Silk-Road Universities Network) гишүүн сургуулиуд юм.

Багш, судлаач, оюутан та бүхэн Москвагийн хэл шинжлэлийн улсын их сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус сургуулийн цахим хуудаснаас https://linguanet.ru/ үзнэ үү.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар