МУИС-ийн захирал С.Төмөр-Очир Тайваний Үндэсний Ордон музейн дэд захирал Чуан Син Хо тэргүүтэй албаны төлөөлөгчид болон Тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Али Юан нарыг энэ сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Үндэсний Ордон музейд хадгалагдаж байгаа Монгол, тод, дөрвөлжин бичиг дээрх Монголын түүх соёлтой холбогдолтой баримт бичгүүд, эх сурвалжийг судалж, каталоги хийх ажлыг 2013 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр ярилцаж тохиролцсон юм.
Энэ асуудлаар 2012 оны 5 сард захирал С.Төмөр-Очир Тайваньд айлчлах үеэрээ тус музейд зочилж музейд байгаа баримт материалуудыг судалгаанд хэрэглэж эргэлтэнд оруулахаар тохиролцсон бөгөөд үүний тулд эхний ээлжинд МУИС-иас 2 багшийг тодорхой хугацаагаар Ордон музейд ямар баримт материалууд хадгалагдаж байгааг тогтоолгох, мөн ямар баримт бичгүүдийг монгол хэл рүү хөрвүүлж болох талаар судалгаа хийлгэж каталоги үүсгэх талаар харилцан тохирсон удаатай. Үүнийг ажил хэрэг болгож МУИС-иас 2 багшийг 2013 оны 3 сараас томилолтоор ажиллуулахаар боллоо. Уулзалтын үеэр томилолтоор ажиллах багш нарын байрны зардлыг Ордон музейн тал хариуцах боломжтойгоо мөн илэрхийллээ. Үүний дараа тохиролцсон ёсоор баримт бичгүүдээс сонгон англи, япон, герман, орос хэлээр орчуудан хэвлэж нийтийн хүртээл болгох бөгөөд баримтын эх хувийг хувилан МУИС-ийн номын санд өгөх юм байна.