Монгол Улсын Их Сургуулийн 80 жилийн ойг тохиолдуулан МУИС-ийг Монголын Оюутны Холбооны зүгээс Монголын Оюутны дээд шагнал “СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ” одонгоор шагнав. Монгол Улсын Их Сургууль нь Монголын нэгэн зууны хөгжил цэцэглэлтийн охь уурхай байж салбар бүрийн шилдэг сэхээтнүүдийг бэлтгэн гаргасаар ирсэн билээ. Монгол Улсад анхны дээд боловсролын байгууллагын гал голомтыг бадрааж, эрдэм оюуныг түгээж эхлэсэн 80 жилийн тэртээ оюутны байгууллагын суурь тавигдсан байна.
Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн багш, ажилчдын нөр их хөдөлмөрөөр зурагдсан эрдмийн их харгуйгаар өнөөг хүртэл мянга мянган оюутан залуус алхалж эх орны хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах сэхээтэн, баялаг бүтээгчид болон төлөвшиж байна. Мөн Монгол улсад оюутны байгууллага бүрэлдэн тогтож, өнөөгийн хэлбэрийг олоход Монгол Улсын Их Сургуулийн нөлөө үнэлж баршгүй их билээ. Иймд Монгол улсад эрдмийн хэтийг цахиж, хөгжлийн галыг бадраасан түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Монголын юутны дээд шагнал “СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ ОДОН” – г соёрхжээ.
Тус шагналыг 1989 оны Нобелийн энх тайвны шагналт Далай лам Данзанжамц зэрэг нийгэм, олон нийт, боловсролын салбарын хүмүүс хүртэж байсан ба байгууллага, их сургуульд хүртээж буй анхны тохиолдол юм байна.