Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны өдөрт зориулан гадаад суралцагчдад зориулсан өдөрлөг боллоо

Share Button

МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс нь 2016 оноос жил бүр Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр  “Монгол бахархлын өдөр”  болон   Монгол Улс / БНМАУ/  тунхагласан   өдрийг  тус тус тохиолдуулан суралцагч гадаад оюутнуудад зориулан  монгол өв соёл, зан заншил, ардын урлаг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж  ирсэн билээ.

2022-2023 оны   хичээлийн  жилийн  гадаад  оюутанд  зориулсан  “Монгол бахархлын өдөр”   арга   хэмжээг  11 дүгээр сарын  24, 25-ны  өдрүүдэд  өртөөчилсөн хэлбэрээр зохион байгууллаа. Өдөрлөгийн  эхний   өдөр  11 дүгээр сарын 24-нд   МУИС-ийн  гадаад  оюутны байранд  “Монгол зоогийн өдөрлөг”-ийг тус сургуулийн Оюутны Холбоо, Оюутан конгрессын  гишүүдтэй  хамтран  зохион  байгуулсан  бөгөөд  монгол  оюутнуудаар   монгол   хоолны   үндсэн   жор  болох  гурил,  мах , сонгино, давсаар  хэрхэн  амттай  монгол  зоог бууз, хуушуур, цуйван, банштай цай, хорхог /чанасан мах/,  битүү  шөл  зэргийг  хийх талаар  заалгаж  өөрсдийн  гараар  хийж  суралцаж  амтархан  зооглолоо.

Мах чанах, цуйван хийж сурч байгаа нь

Бууз, хуушуурын баг

Битүү шөл, банштай цай хийж сурсан нь

Эцэст нь бид хамгийн сайхан, амттай хоол хийж сурсан багуудыг шалгаруулж, урамшуулан, монгол  дуу  заалгаж,  хамтран  дуулж  нэгэн  оройг  хөгжилтэй  сайхан  өнгөрүүллээ.

2022-2023 оны  хичээлийн  жилд  болж  буй  “Монгол  бахархлын  өдөр”-ийн  хамгийн  чухал хэсэг нь 11 дүгээр сарын 25-нд Чингис хаан музейд болсон МУ-ын  Ерөнхийлөгчийн зарлигаар  2022 оны  “Чингис хаан”  тэргүүн  зэргийн  одонгоор  шагнагдсан  анхны  гадаадын  иргэн  АНУ-ын  монголч  эрдэмтэн,  антропологич, зохиолч,  профессор Жак Уэтерфордын /Jack Weatherford/ “Чингис хааны мөрөөдөл” лекц, уулзалтад  Монгол  Улсын  Ерөнхийлөгчийн  тамгын  газрын  урилгаар  монгол  хэл,  хэл  шинжлэл, утга зохиол судлал, олон  улсын харилцаа  эдийн  засгийн  мэргэжлээр  суралцагч  ОХУ, Франц, Итали, Чех,  Польш,  БНХАУ, Танзани, Кени, Мозамбик, Япон, Герман  зэрэг  улсын  оюутнууд   оролцсон явдал байлаа. Бидэнд  энэ  сайхан боломжийг олгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, доктор Ч.Лодойравсал, ШУС–ийн захирал профессор Д.Заяабаатар болон Ерөнхийлөгчийн  тамгын  газрын  ажлын  албаны  хамт  олонд  гүн  талархал  илэрхийлье.

 

Оюутан төгсөгчийн хэлтэс

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар