Хэлний туршилт судалгааны төвийн ээлжит семинар боллоо

Share Button

2022 оны 12-р сарын 9-ний өдөр Хэлний туршилт судалгааны төвийн ээлжит эрдэм шинжилгээний семинар танхим, цахим хэлбэрээр болж өнгөрлөө. Семинарт Хэлний туршилт судалгааны төв дээр хийгдэж буй судалгаанууд болон хэл яриа сайжруулах туршилт судалгааны зарим үр дүнгээс танилцуулав.  

МУИС-ийн ШУС-ийн Хэлний туршилт судалгаан төв нь шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт, шинэ технологи, аргазүйд тулгуурлан, шинэ мэдлэг, шинэ аргазүй, шинэ шийдлийг бий болгох замаар,  хэл шинжлэл болон салбар дундын судалгааг хөгжүүлж, эх хэл, гадаад хэл судлал, эрүүл мэнд, танин мэдэхүй, хүний хөгжлийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой.  

Энэ зорилгын хүрээнд дараах гурван чиглэлийг баримтлан ажиллаж байна: 

  • хэлний туршилт судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх, 
  • хэл ярианы хөгжил, хоцрогдол, хэл засалд хувь нэмэр оруулах,  
  • салбар дундын судалгаанд суурилсан инновацийн бүтээгдэхүүн гаргах онолын суурийг тавих.  

Энэ хичээлийн жилд тус төв нь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 2022.09.22-ны өдөр БНФУ-ын Сорбонны их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Хэлний туршилт судалгааны төв Сорбонны их сургуулийн Авиа зүй, авиалбар зүйн лабораторитой хамтын ажиллагаа эхлүүлээд байна. Мөн БНСУ-ын Сонсголын эмгэг судлалын ОУ-ын ТББ, хэл ярианы хөгжлийн сургалтын “Индэр” төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.  

Тус төв дээр хэлний болон салбар дундын туршилт судалгааны бакалаврын түвшинд 14, магистрын 4 (боловсрол судлал, гадаад хэл, программ хангамж, эх хэл бичиг), докторын түвшний 2, нийт 20 судалгааны ажил хийгдэж байна. Өнгөрсөн хичээлийн жилийн туршилт судалгааны үр дүнд эрдэм шинжилгээний өгүүлэл – 2, эрдэм шинжилгээний илтгэл – 2, Бакалаврын судалгааны ажил – 5 хэвлүүлжээ.  

Судалгааны үр дүнг эх хэл, гадаад хэлний боловсрол, эрүүл мэнд, танин мэдэхүй, хүний хөгжлийн салбарт хэрэгжүүлэх чиглэлд гадаад хэл, боловсрол судлал, хэл ярианы согог судлалаар зөвлөмж боловсруулах, авиа дуудлага үнэлэх программ зохиох, хэл ярианы хоцрогдол, хэл яриа хөгжүүлэх туршилт судалгаа явуулж байна.  

Энэ удаагийн семинарт тус төвтэй хамтран ажиллаж байгаа “Индэр” хэл заслын сургалтын төвийн багш, судлаач Г.Ичинхорлоо хүүхдийн хэл ярианы согог, хөгжлийн хоцрогдлын талаар сонирхолтой илтгэл тавьж, эцэг эхчүүдэд зориулж, хүүхдийн хэл яриа хөгжүүлэх практик дасгалуудыг зааж өглөө.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар