Өнгөрсөн сарын 30-ны өдөр ББС-ийн Микробиологийн тэнхимээс 1 ба 2-р ангийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг танин мэдэхүйн хөгжөөнт “Бичил ертөнцийн нууцыг нээгч” тэмцээн 9 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө.
Биологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын микробиологийн шинжлэх ухааны тухай мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалахад оюутны оролцоог нэмэгдүүлэх, ёс зүйн төлөвшил олгох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, багаар ажиллах чадвар болон хувийн зохион байгуулалтаа сайжруулахад чиглэгдсэн энэхүү тэмцээний зорилго оршдог энэхүү тэмцээний хувьд энэ жил МУИС-ийн 70 жил, Микробиологич мэргэжилтэн бэлтгэсний 30 жилийн ойн баяртай давхцаснаараа онцлогтой болсон юм.
Мөн Микробиологийн 3, 4-р ангийн оюутнууд тэмцээний өмнө Микробиологийн шинжлэх ухаан болон Микробиологич мэргэжлийг сурталчилах хоёр өдрийн өдөрлөг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийн үеэр оюутнууд мэргэжлээ сурталчилсан ханын сонин гаргаж, видео кино үзүүлж, тараах материал бэлтгэн 1, 2 – р ангийн оюутнуудад болон Ерөнхий боловсролын зарим сургуулиудад танилцуулга хийжээ.
“Бичил ертөнцийн нууцыг нээгч” тэмцээн нь багуудын мэндчилгээ, асуулт хариултын уралдаан, мэргэжлийн холбогдолтой зураг тайлбарлах, үгийн сүлжээ бөглөх, үзэгчдийн дундах тэмцээн зэргээр 10 баг оролцож оюун ухаан, авъяас чадвараа сорьсноос:
1-р байр: Биотехнологийн 2-р ангийн “Зулын гол” баг
2-р байр: Биотехнологийн 1-р ангийн “Вирион” баг
3-р байр: Экологи, байгаль хамгаалалын 2-р ангийн “Microbes” баг тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм.
Үзэгчдийн дундах тэмцээнд ЭМШУИС-ийн оюутан түрүүлж, Б.Даваадоржийн “Орчин үеийн Биотехнологи” номоор шагнуулав.
Мөн тэмцээний үеэр энэхүү тэмцээний хошой аварга, шилжин явах цомын эзэн “BIO-IQ” багийнхан, Микробиологич мэргэжлээр төгсөгчид, тус тэнхимтэй хамтран ажилладаг ШУТИС, ШУА-ийн Биологийн хүрээлэн, ШУҮ-ийн МонХимо ХХК, Улсын болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын лаборатори зэрэг байгуулагуудын төлөөлөгчид хүрэлцэн ирж нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Тус тэмцээнийг 9 дэх удаагаа ивээн тэтгэж буй Д.Ариунаа захиралтай Шинжлэх Ухаан үйлдвэрлэлийн Мон-Химо компани, Биологи, Биотехнологийн сургуулийн захирал Н.Батхүү болон Гэгээ цогцолбор сургуулийн захирал С.Туяагэрэл нарт тэмцээнд оролцсон нийт багш, оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.