Польшийн нэрт монголч эрдэмтэн Владислав Котвичийн дурсгалд зориулсан Дорно дахин судлалын эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурал “Азийн хэл соёлын судалгаа шинжилгээ” нэрийн дор Польшийн эртний нийслэл Краков хотноо өнгөрсөн сарын 15-17 нд Польшийн Урлаг, Шинжлэх ухааны академид боллоо. Хуралд Польш, Монгол, ОХУ, ХБНГУ, АНУ, Их Британи, БНХАУ, Япон, Унгар, Энэтхэг зэрэг орны дорно дахин болон монголын судлалын эрдэмтэд оролцож дорно дахин судлалын олон асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн байна.
Тус олон улсын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, илгээлт ирүүлснийг Монгол Улсаас Польш Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Ганбаатар уншиж, гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “Та бүхэнд нарлаг Монгол орноос чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Өлзий учрал бүрдсэн энэ сайхан өдөр олон улсын эрдэмтэн мэргэд Польш Улсын эртний нийслэл Краков хотноо хуран чуулж, оюуны цэцээ шалган сорьж байгаа нь дорно дахины судлал, түүний дотор монгол судлалыг хөгжүүлэх үйлст чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Шинжлэх ухаан гэдэг үнэхээр нийт хүн төрөлхтөний тусын төлөө үйлчилдэг агуу их хүчин зүйл билээ. Польшийн нэрт монголч эрдэмтэн, профессор Владислав Котвичийн Монгол оронд ирж судалгаа шинжилгээний ажлаа эхлүүлсний 100 жилийн ойд зориулж уг эрдэм шинжилгээний хурлыг хийж буйд гүн талархал илэрхийлье.” хэмээн дурджээ.
Орос, Польшийн дорно дахин судлаач, монголч эрдэмтэн, Оросын, Польшийн шинжлэх ухааны академийн гишүүн, Польшийн дорно дахины нийгэмлэгийн ерөнхийлөгч асан В.Котвич бээр 1872 оны 3-р сарын 20 нд Оссовие тосгонд мэндэлж, 1944 оны 10 дугаар сарын 3 нд насан өөд болжээ. В.Котвич 1895 онд Санкт Петербургийн Их сургуулийг төгсөж, монгол, манж, халимаг хэл зааж, халимагийн нутгийн аялгуунуудыг нарийн судласан эрдэмтэн бөгөөд 1923-40 онд Львовын Их сургуулийн дорно дахины тэнхимийн эрхлэгч байлаа. Түүний 1902 онд бичсэн “Монгол хэлний хэлзүйн лекцүүд”, 1905 оны “Халимаг оньсого ба зүйр сэцэн үг”, 1917 оны “Эрдэнэ зуугийн монгол сурвалж” зэрэг бүтээл нь дэлхийн монгол судлалд алдартай билээ.
Тэрбээр 1912 он буюу яг өнөөгөөс 100 жилийн өмнө Монгол оронд эрдэм шинжилгээний экспедиц зохион байгуулсан бөгөөд түүний Польшийн урлаг шинжлэх ухааны академид хадгалагдаж байгаа энэ чухал материал архивын хэрэглэгдэхүүнийг хурлын үеэр үзэсгэлэн нээж, түүний архивт хадгалагдаж буй бүтээлүүдээр хийсэн Польш, Монгол, Японы эрдэмтэдийн хамтран бүтээсэн “In the Heart of Mongolia: 100th Anniversary of W.Kotwicz’s Expedition to Mongolia in 1912” номын нээлтийг хийсэн байна. Тус номыг Польшийн монголч эрдэмтэн Жерзи Тулисов, Агата Барежа-Старзинская, Японы монголч эрдэмтэн Осаму Иноүе нар бүтээжээ.
Тус хуралд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй оролцож, илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээ, ОХУ-ын Москвагийн Хүмүүнлигийн ухааны сургууль, Санкт Петербургийн Их Сургуулийн Монгол-Төвд хэлний тэнхим, Унгарын Өтвөш Лорандын Их Сургуулийн Дорно дахины судлалын тэнхим, Варшавын Их Сургуулийн дорно дахины тэнхимийн удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, багш, оюутан солилцох талаар хэлэлцээ хийжээ.