Хайж байна...

Гватемал улсаас хавсран суугаа Элчин сайд айлчиллаа

Share Button

Бүгд Найрамдах Гватемал Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд эрхэмсэг хатагтай Сара Солис Кастаньеда МУИС-д зочиллоо. Элчин сайд МУИС-д дахин зочилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, өнгөрсөн жил ярилцаж байсан хамтын ажиллагааны үйл ажиллагаанууд урагшилж байгаад талархалтай байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Тэрээр үргэлжлүүлэн хоёр улсын хоорондын соёл, боловсролын харилцааг хөгжүүлэхэд хичээн ажиллаж буйгаа дурдаад Гватемал улсын иргэд монгол орон, түүх соёлыг улам бүр сонирхож байгаа талаар мэдээлэл өглөө.

МУИС-ийн ректор Б.Очирхуяг хоёр улсын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдын оролцоо өндөр буйг дурдаад МУИС-ийн оюутнуудад хоёр дахь жилдээ сонирхолтой сэдвээр лекц уншсанд талархлаа илэрхийллээ.

Хатагтай Сара Солис Кастаньеда МУИС-ийн Европ судлалын оюутнуудад 1967 оны Нобелийн шагналт зохиолч, дипломатч Мигель Анхел Астуоиасын амьдрал, уран бүтээлийн талаар лекц уншсанаа сонирхуулаад ректор Б.Очирхуягт Нобелийн шагналтны уран бүтээлийн дээжээс бэлэглэлээ.

Ректор Б.Очирхуяг өнгөрсөн жил МУИС болон Гватемалын их, дээд сургуулиуд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах талаар ярилцаж байсныг дурдаад Rafael Landívar их сургуультай байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг дипломат сувгаар илгээсэн талаар мэдээлж, хоёр сургуулийн хооронд бодитой хамтын ажиллагаа хөгжүүлэх үүднээс хамтын ажиллагааны гэрээ байгуулах саналтай буйгаа илэрхийллээ.

Элчин сайд 7 дугаар сард Гватемалын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахаар төлөвлөж буй талаар онцлоод энэ үеэр МУИС болон Rafael Landívar их сургууль хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах боломжтойг дурдлаа.

Ректор Б.Очирхуяг хатагтай Сара Солис Кастаньедад талархал илэрхийлээд Гватемалын их, дээд сургуулиудтай испани хэл, соёл, түүх, олон улсын харилцаа, утга зохиолын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг онцоллоо.

Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун Элчин сайдыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Гватемал улсын нэр хүнд бүхий их сургуультай хамтын ажиллагаа эхлүүлэх гэж буйд баяртай байгаагаа илэрхийлж, хоёр сургуулийн хамтын ажиллагааг бодитой хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн буйгаа тэмдэглэлээ.

Элчин сайд орон зайн хувьд хоёр улс хэдий хол оршдог ч виртуал орчинд хамтран ажиллах олон боломж байгааг онцлоод хоёр улсын боловсролын хамтын ажиллагаа бодитоор хөгжинө гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Уулзалтад Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ц.Баатарчулуун, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр болон Европ судлалын тэнхимийн ахлах багш Б.Пүрэвсүрэн нар оролцож, испани, монгол хэл дээр орчуулга хийлээ.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

ЕВРОП СУДЛАЛЫН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар