МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2023 оны 04-р сарын 28-нд номын сангийн байрны 502 тоот танхимд боллоо.
Уг хуралд Биологи, Газарзүй, Геологи-Геофизик, Хими, Физикийн тэнхимээс шалгарсан шилдэг 10 оюутны судалгааны ажлыг ШУС-ийн захирлын тушаалаар томилогдсон дараах комиссын бүрэлдэхүүнтэй багш нар шүүн хэлэлцэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулсан байна. Үүнд комиссын даргаар профессор Н.Сонинхишиг, гишүүдэд профессор Ц.Гантулга, О.Болормаа, дэд профессор Г.Гантулга, Х.Уламбадрах нарийн бичгийн даргаар дэд профессор Б.Төгөлдөр нар ажиллав.
Оюутнуудын судалгааны ажлыг илтгэх ур чадвар, судалгааны ажлын ач холбогдол, үр дүн, ажлаа эзэмшсэн байдал, асуултанд хариулсан байдал, судалгааны ажлын арга барилд суралцсан байдал гэсэн үзүүлэлтээр 100 хүртэлх оноогоор дүгнэж дундаж оноог гаргахад дараах оюутнууд шагналт байранд шалгарлаа.
- I байранд Физикийн тэнхимийн докторант Баатарцогтын Хонгорзул “BaBixFe12−xO19 гексаферрит нэгдлийн бүтэц, соронзон шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэлээр,
- II байранд Физикийн тэнхимийн докторант Сүхбаатарын Энхтөр “Олон ханат нүүрстөрөгчийн нанохоолойг химийн ба биологийн катализатор ашиглан CVD аргаар гарган авах, тэдгээрийн шинж чанарын судалгаа” сэдэвт илтгэлээр шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
1-р байранд шалгарсан докторант Б.Хонгорзул
2-р байранд шалгарсан докторант С.Энхтөр
Мөн энэхүү уламжлалт эрдэм шинжилгээний хуралд тэнхим бүрээсээ шалгаран оролцсон Биологийн тэнхимийн оюутан Ж.Очирхуяг, Б.Золзаяа, Газарзүйн тэнхимийн оюутан Б.Батзориг, Ли Динжун, Геологи геофизикийн тэнхимийн оюутан Т.Насан-Очир, Д.Өгөөдэй, Химийн тэнхимийн оюутан Б.Гантулга, Б.Марал нартаа цаашдын сурлага, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.