Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн ивээл дор хэрэгжиж буй “Их Майдар” төслийн хүрээнд “Их Майдар” сангаас санаачлан Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Зүүн хүрээ Дашчойлин хийд, Монголын Философийн холбоо, Батзасаг Институт, Жавзандамба Хутагт Төв зэрэг байгууллагууд хамтран “Майдарын эрин: Нийгмийн хөгжлийн чиг хандлага” Олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг энэ сарын 6,7- ны өдрүүдэд “Кемпински” зочид буудалд зохион байгууллаа.
Хоёр өдөр үргэлжилсэн тус анхдугаар бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөх, доктор Р.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон АНУ, БНФУ, ОХУ, БНСУ, Тува зэрэг улс орнуудын 20 гаруй эрдэмтэн судлаач зэрэг тэргүүтэй 240 гаруй төлөөлөгчид оролцлоо. Уг олон улсын эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн гадаад оюутны төлөөлөл болон 30 оюутан оролцсон бөгөөд Монгол улсын шашин, түүх соёл, өв уламжлалын талаар номын дуу сонсон гадаад, дотоодын судлаач эрдэмтэдтэй нүүр тулан уулзаж танилцлаа.
Эв нэгдэл, энэрэл нигүүслийн бэлгэдэл Майдар бурханыг бүтээх тус төсөл нь Үндэсний бүтээн байгуулалт төдийгүй Монголын ард түмний шашин, соёлын үнэт өв уламжлалыг сурталчилан таниулах, улмаар гадаадын жуулчдыг татах зорилгоор өөрсдийн нэрийн хуудас болсон бэлгэдэл, бүтээл, аялал жуулчлалын цогцолбор юм.
Уг цогцолбор нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Богд хан уулын өвөр, Өгөөмөрийн ам “Зүрх Хайрхан” уулын энгэрт бүтээн байгуулагдаж байгаа бөгөөд 2014 онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.